Автомашинтай иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-19 15:47:38

Шинэ жилийн баяр болж байгаатай холбоотойгоор автозамын түгжрэл нэмэгдэж байгаа тул автомашинтай иргэдийг нийтийн тээврийн хэрэгсэл сонгож үйлчлүүлэхийг Замын цагдаагийн алба (ЗЦА)-наас уриалав.

Замын хөдөлгөөний хэт ачаалалыг бууруулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийг түргэн шуурхай ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор замын цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Иймд иргэдийг бусад замын хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандах, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож оролцохыг зөвлөв.

Мөн жил бүрийн энэ үед Нарантуул, Хархорин, Дэнжийн-1000, Бөмбөгөр, Барс зэрэг томоохон худалдааны төвүүдийн автомашины зогсоол хүрэлцдэггүй аж. Үүнээс үүдэн автозамын түгжрэл нэмэгддэг тул худалдааны төвийн түрээслэгч, ажилчдийг нийтийн тээвэр сонгон үйлчлүүлж, зогсоолоо үйлчлүүлэгчиддээ чөлөөлж өгөхийг уриаллаа.

Ч.Ариунболд

Related news