Засаг дарга нарт дүүргийнхээ ажил байдалтай биечлэн танилцахыг үүрэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-12-19 12:47:22

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөнөөр  Хотын дарга дүүргийн Засаг дарга нарт  дүүргийнхээ ажил байдалтай  газар дээр нь очиж танилцахыг үүрэг болголоо.

Зөвлөгөөний эхэнд, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн төлөв байдлын талаар танилцуулсан юм.

Өнгөрсөн 14 хоногт нийслэлд  зохион байгуулсан олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр 17 удаагийн хэв журмын хамгаалалт зохион  байгуулж, давхардсан тоогоор 250 алба хаагч, 16 автомашинтай үүрэг гүйцэтгэжээ. Явган болон авто эргүүлийн 124 чиглэлд 301 алба хаагч, үүрэг гүйцэтгэж, 53 гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлэн, 542 аж ахуйн нэгж байгууллага, 626 тээврийн хэрэгсэл, 9645 иргэнийг шалган зөрчил гаргасан 8256 иргэнийг 15 сая 265 500 төгрөгөөр торгосон байна. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 251 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 245 иргэнийг ар гэр асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгчээ.
Харин  өнгөрөгч 14 хоногт Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3578 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 96, зөрчлийн шинжтэй 1448 дуудлага иржээ. Шинээр 11 байршилд баруун гар тийш эргэх зохицуулалт  өнөөдрөөс хэрэгжиж эхэлснийг дурдсан юм.

Түүнчлэн шинэ жилийн баяраа тэмдэглэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ихэсч буйтай холбоотой “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг  зохион байгуулж байгааг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн дэмжлэг үзүүлэх хэлтсийн дарга, хурандаа Д.Дашдорж онцлов.

Харин НОБГ-ын дарга, Онцгой байдлын хурандаа Н.Уламбаяр “Сарын сүүлч буюу энэ сарын 20-ноос хүйтрэх төлөвтэй байгааг анхааруулсан юм.

НОБГ-т аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 90  удаагийн  дуудлага ирснээс объектын гал түймрийн 84 дуудлага,  техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 6 удаагийн дуудлага гарчээ. Объектын гал түймэр, ахуйн болон техникийн холбогдолтой ослоос 3 хүний амь насыг аварч, 2 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж  үзүүлжээ.

Мэдээллийн төгсгөлд Хотын дарга  “Нийслэлийн Засаг даргын 03 тоот албан даалгаврын биелэлтийг ханган ажиллах”-ыг харьяа агентлаг, дүүргийн удирдлагуудад үүрэг болгосон юм.

 

 Б.Заяа

Related news