Хууль бус алт олборлогчид “Гутайн даваа”-ны алтны уурхай руу халджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Батширээт сумын нутагт байрлах “Гутайн даваа” ХХК-ийн алтны уурхайд хууль бусаар алт олборлохыг завдсан Төв, Сэлэнгэ, Дархан уул зэрэг аймгуудын 7, Хэнтий аймгийн Биндэр, Батширээт сумын 6 иргэнийг саатуулан, шалгаж эхэлжээ.
Тус хэрэг дээр ажиллахаар Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Л.Базаррагчаа, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Энхням, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Болдоо нар Батширээт суманд ажиллалаа.
Энэ сарын 8-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Батширээт сумын Онон багийн нутагт байрлах “Гутайн даваа” ХХК-ийн харуулын албанаас “Манай харуул хамгаалалтын объект руу гурван тээврийн хэрэгсэлтэй үл таних эдгээдүүд түрэмгийлэн дайрлаа, яаралтай ирж арга хэмжээ авч өгнө үү” хэмээн Биндэр сумын Цагдаагийн хэсгийн дарга дэд хурандаа Г.Отгонжаргалд мэдээлэл өгчээ. Мөн сумын удирдлагуудад мэдэгдсэн бөгөөд 17 цаг 30 минутын үед Батширээт сумын Засаг даргаар ахлуулсан байгаль орчны улсын байцаагч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцаад буцаж сумандаа иржээ. Оройн 21 цагийн үед тэд дэд хурандаа Г.Отгонжаргалтай уулзаж, болсон явдлыг танилцуулж, мөн “Гутайн даваа” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтан дэд хурандаа руу “Үл таних этгээдүүд одоогоор байхгүй байна. Гэхдээ шөнө дахиж ирж болзошгүй” гэж үзэн бэлэн байдалд байжээ.
Ингээд шөнийн 23 цаг 30 минутын үед “Гутайн даваа” ХХК-ийн харуулын албаны даргаас дуудлага ирж, дэд хурандаагаар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй очиж дээрх этгээдүүдийг зөрчлийн шатанд нь барьж саатуулсан байна.
Ер нь хууль бус алт олборлогчид 2009 оноос “Гутайн даваа” ХХК-ийн алтны уурхайд халдаж эхэлсэн аж. Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүх, Прокурор, Мэргэжлийн хяналтын газар, БОАЖГ-ууд хамтарч тэдгээр иргэдийг буулгаж байсан бөгөөд түүнээс хойш байдал харьцангуй намжаад байжээ.
Үл таних эдгээдүүд өмнө нь хууль бусаар алт олборлож байсан нүхийг цементэлж битүүмжилсэн байсныг дур мэдэн хүч түрэн онгойлгож, дотор нь орж үзсэн байна. Тэдгээр иргэд УАЗ-469 автомашин, УАЗ пургон автомашин, жийп гэсэн гурван тээврийн хэрэгсэлтэй, алт авахаар зориуд бэлтгэсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгааны эх үүсвэр болох мотор, холбогдох багаж хэрэгслүүдтэй явж байсныг хураан авчээ.
“Гутайн даваа” ХХК-ийн алтны орд нь 2005 оноос хайгуулын, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс ашиглалтын лицензтэй болсон боловч өнөөдрийг хүртэл ашиглагдаагүй байгаа юм. Үндсэн ордны талбай дээр өмнө нь харуул хамгаалалын алба ажиллаж байгаад гэрээнийх нь хугацаа дуусжээ. Одоогоор тус компанийн харуулын албаныхан хариуцаж байгаа бөгөөд үл таних этгээдүүд харуул хамгаалалтынханд бэлэн мөнгө хувааж өгье гэсэн байна. Ер нь мөнгө төгрөг өгөе, ухая гэсэн санал хоёр ч удаа ирж байсныг тэд хэлж байлаа.
Тус алтны уурхай нь ойн сав газар байрладаг (Онон голын сав газрын дагуу байрладаг) бөгөөд лицензтэй боловч алт олборлохыг хуулиар хориглосон байдаг аж. Тиймээс дээд шатны удирдлагууд шийдвэр гаргатал үйл ажиллагааг нь түр хугацаагаар ийнхүү зогсоосон аж. Цаашид компанийн харуул хамгаалалтыг сайжруулах, шийдвэр гартал тус орд руу хууль бус эдгээдүүдийг оруулахгүй байх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр нутгийн удирдлагууд ажиллаж байгаагаа хэллээ.
Д.Одонтунгалаг