Самрыг дагасан гэмт хэрэг, зөрчил ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-13 16:56:44

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Хяналт шийдвэрлэлт-2016” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хууль бус самар  тээвэрлэгчидтэй холбогдсон хэрэг зөрчлүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тухайлбал, цагдаагийн хошууч Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн З нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Бага даваа гэх газраас хуш модны цайруулсан самар 80 шуудайг тээвэрлэж явсныг шалгаж, зөвшөөрлөөс 10 шуудай самар хэтрүүлэн бэлдсэн байсныг улсын орлого болгуулахаар Цэнхэрмандал сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлэн өгчээ. Мөн Ойн тухай хуулийг үндэслэн 960000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Түүнчлэн шөнийн эргүүл шалгалтын үеэр Улаанбаатар хотын Багануур дүүргийн харъяат П нь 2.5 литрийн 30 ширхэг “Боргио” пиво зарж борлуулахаар тээвэрлэж явсныг илрүүлэн арга хэмжээ авсан байна.

 Ийм байдлаар хараа хяналт багатай орчинд иргэдийн хууль зөрчсөн аливаа үйлдэл, түүнийг дагасан гэмт хэрэг, зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа тул тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны байгууллагаас тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 Үүнтэй холбоотой зарим мэдээллийг онцлоход: Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн 6 аж ахуйн нэгж Мөнгөнморьт сумын нутагт хуш модны самар бэлтгэж худалдан авахаар сумын засаг захиргааны байгууллагатай гэрээ хийж, 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн одоогийн байдлаар 569 тн самрыг иргэдээр бэлтгүүлэн, тус сумын төсөвт 455.0 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ. Гэвч самар түүж байгаа 1000 гаруй иргэний талаас багагүй хувь нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт сумын нутаг Тайлч, Их, Бага даваа, Ар, Өвөр өнгөлжин, Онон голын эх, Бэрьяа уул, Тарсын рашаан, Ноён, Хатан уул зэрэг газраас түүж байгаа нь тодорхой болсон аж.

Хэнтий аймгаас “сүүлийн 2 жилд манай нутагт самар ургаагүй” гэх ташаа мэдээг холбогдох байгууллагад өгсөнтэй холбоотойгоор Өмнөдэлгэр, Батширээт сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар түүх самрын эрхийн бичиг ирээгүй учраас зохих хэмжээнд ажиллах боломжгүй байгааг холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхааралдаа авах нь зүйтэй хэмээн албаны хүн ярьж байна.

Д.Одонтунгалаг

Related news