Монгол цэргийн дээд цол генералуудын өдөр өнөөдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Генерал цол олгож эхэлсэн түүхт 82 жилийн ой тохиож байна.
Монгол Улсад анх 1944 онд энэхүү цолыг олгож эхэлсэн. 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Улсын бага хурлын шийдвэрээр Ардын засгийн газрын 152 дугаар тогтоолоор олгож эхэлсэн тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. Энэхүү түүхэн өдрийг 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирснээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд жил бүр ээлжлэн цэргийн дээд цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг бахархалт уламжлал тогтсон юм.
82 жилийн тэртээ буюу 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны энэ өдөр анхны 11 генерал цолтон төрөн гарсан нь Монгол цэргийн
түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн түүхэн үйл явдал байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг
хүртэл нийт 240 цэргийн зүтгэлтэнд генерал хэмээх эрхэм цолыг хүртээсэн байна. 240 генералаас Маршал цолтон нэг байгаа нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал
юм.
Хурандаа генерал цолтон Монгол Улсад найм байдаг бөгөөд найман хүнээс одоо нэг нь л амьд сэрүүн байгаа аж. Тэр нь өдгөө 102 настай С.Лувсангомбо генерал юм. Тэгвэл дэслэгч генерал 23, хошууч генерал 123, бригадын генерал 73 байна. Мөн эмэгтэй хүн генерал цол хүртсэн ганцхан тохиолдол бий. Монголын цор ганц эмэгтэй генерал нь бригадын генерал Г.Болор билээ. 82 жилийн түүхэн дэх 240 генералаас өдгөө 60 гаруй нь ажил үүргээ гүйцэтгэж байна.
Хамгийн олон генерал цолтонтой аймаг нь Завхан бөгөөд 27 генерал албан ёсоор бүртгэлтэй.





