ДОРНОГОВЬ: Хүрээт баатрын нутгаас “Алтан ботгоны эзэн” төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-24 16:13:26

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах сумын Өехий багийн аймгийн аварга малчин Жанчивсүрэнгийн Чулуунбаатарын гэр бүл өнгөрсөн оны ажил үйлсээрээ “Алтан ботгоны” эзнээр тодорсон.


Өнөөдөр аймгийн Засаг дарга О.Батжаргал шагналыг гардууллаа. Хүнс, Хөдөө Аж ахуйн яам, Монголын Үндэсний Олон нийтийн радио хамтран 1961 оноос хойш тасралтгүй 45 дахь жилдээ зохион байгуулж буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан төлийн эзэд” шагналыг тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, мөн нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан зэрэг үзүүлэлтээр тодруулан шагнадаг байна.


Малчин Ж.Чулуунбаатарынх 300 гаруй тэмээтэй. Өнгөрсөн жил 100 гаруй ботго бойжуулж ботгоны тоогоор сумынхаа малчдыг манлайлжэж. Мөн аймаг сумынхаа малчдыг малжуулах ажилд гар бие оролцдог нийгмийн идэвхтэй аж. Тус сум эрт үеэс тэмээн сүргээрээ алдартай бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тэмээчин Насангийн Хүрээт энэ нутгийнх. Түүх сөхвөл 1973, 1975 онд 13 мянган тэмээ тоолуулж "Мөнгөн буур", "Мөнгөн ботго"-ны эзэн болж байсан Мандах сумынхан 2023, 2026 онд “Түмэн тэмээний баяр” зохион байгуулж байлаа.


Тэднийх Хүрээт баатрын тэмээгээ хариулж явсан Тэвш хэмээх газар өнөтэй хаваржиж байна. Тэрээр Мандах нутгийнхаа уугуул Хөдөлмөрийн баатар, тэмээчин Насангийн Хүрээтийн мал маллах арга ухааны өвлөн уламжилж, алдар нэрийг нь өргөж яваа залуу тэмээчин юм.  

Ташрамд, Мандах сум 2025 онд 12307 тэмээ тоолуулж тэмээгээ өмнөх оныхоос 6.8 хувиар өсгөсөн амжилтаар аймагтаа хошуучилж байна. 



Related news