ДОРНОГОВЬ: ”Баянговь” театрын түүхийг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-20 14:07:22

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 20  /МОНЦАМЭ/. Зүүнбаяны Соёлын төвөөс тус соёлын төвийн үндэс суурь болсон ”Баянговь” театрын 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 18-нд дэлгэлээ.


“Баянговь” театр нь Соёлын яам, Соёл гэгээрлийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн тогтоол, шийдвэрээр 1976 оны 10 дугаар сард байгуулагдаж, 1990 он хүртэл үйл ажиллагаа явуулсан байна.

Үзэсгэлэнд “Баянговь” театрын 50 жилийн түүхийг өгүүлэх түүхэн үйл явдлын гэрэл зургуудыг дэлгэсэн бөгөөд тус театрын амжилт бүтээл, туулж өнгөрүүлсэн зам мөрийг гэрэл зургийн хосгүй баримтаар харуулжээ. Мөн театрын нэрэмжит жүжигчилсэн тоглолтын уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулсан байна.


Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд “Баянговь” ардын театрын үүсэн байгуулагч найруулагч, МУСТА Ж.Эрхэмбаатар, жүжигчин, бэлтгэл хошууч Н.Адилбиш, Офицеруудын ордоны дарга бэлтгэл хурандаа С.Жигжид, хурандаа Ц.Энхбаатар, Соёлын төвийн дарга Ч.Пүрэвдулам, номын санч Р.Хөхөө болон үе үеийн ажилтнууд оролцжээ.



Үзэсгэлэнгийн нээлтэд Дорноговь аймгийн их говийн манлай дуучин Б.Идэржавхаа, Б.Тунгалаг, “Малчид дуулж байна” улсын уралдааны шилдэг оролцогч, дуучин Т.Отгончимэг, МУСТА П.Үрэлцэцэг болон Соёлын төвийн дэргэдэх үндэсний хөгжмийн дугуйлангийн “Говийн уянга” хамтлагийн сурагчид оролцож, уран бүтээлийн дээжээ өргөн толилуулжээ.


Ардын “Баянговь” театр нь 1990 он хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Улаанбаатар хот болон Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод зэрэг Монгол орны олон аймагт аялан тоглолт хийж, ард түмэнд соёлын үйлчилгээг хүргэж байжээ.

 

Related news