ДОРНОГОВЬ: Бэлчээрийн ургамал зарим нутгаар 1 см өндөр ургажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар Дэлгэрэх сумын нутгаар бэлчээрийн ургамал болох агь, хялгана цухуйж, ургамлын дундаж өндөр 1 см-т хүрсэн гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Бусад сумын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлт оройтож байгаа нь өвөл, хаврын улиралд хур тунадас ороогүйтэй холбоотой ажээ. Мөн агаарын дундаж температур нийт нутгаар 6.3-11.3 градус дулаан байсан бөгөөд энэ нь олон жилийн дундажтай харьцуулахад дулаан байсныг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Үнэмлэхүй их температур өдөртөө Замын-Үүд сумын нутгаар 29 градус хүрч халсан бол үнэмлэхүй бага температур шөнөдөө Мандах, Иххэт сумын нутгаар 8 градус хүйтэн байв. Харин ирэх өдрүүдэд агаарын температур олон жилийн дунджийн хэмжээнд байх төлөвтэй байна.
