ЗАВХАН: Байгаль орчны мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо их

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-15 14:21:28

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 15. /МОНЦАМЭ/. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр дэлхий даяар “Байгаль орчны мэргэжилтнүүдийн өдөр”-ийг тэмдэглэдэг.


Энэхүү өдөр нь байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгмийн тогтвортой хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй мэргэжилтнүүдийн үүргийг онцлон таниулах, үнэлэх, талархал илэрхийлэх зорилготой юм.


Завхан аймагт 60 орчим байгаль орчны мэргэжилтэн байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бэлчээрийн менежмент, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тэд ойн сан, усны нөөцийн хамгаалалт, хог хаягдлын менежмент, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ зэрэг үндсэн чиглэлүүдэд үйл ажиллагаа явуулдаг.


Тухайлбал, бэлчээрийн менежмент, хамгааллын хүрээнд өвөл, хаврын улиралд бэлчээрийн даацыг тодорхойлох, ашиглалтыг сайжруулах судалгааг хийж байна. Энэ ажлыг Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Алдархаан, Яруу, Эрдэнэхайрхан зэрэг сумдад хэрэгжүүлж байна.


Мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн байгаль хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, байгаль орчны мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулж байна. Тогтвортой аялал жуулчлалын чиглэлээр байгалийн үзэсгэлэнт газрууд, аялал жуулчлалын бүс нутгийг хамгаалах, жуулчдад зориулсан байгальд ээлтэй дэд бүтцийг хөгжүүлэх судалгааг хийж байна. Үүнээс гадна аймагт хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалт, уул уурхай, үйлдвэрлэлийн төслүүдэд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, хяналт тавих ажлыг гүйцэтгэж байна.


Ойн сан, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг мөн байгаль орчны мэргэжилтнүүд хариуцан ажиллаж байна. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд гэхэд, аймаг, сумын түвшинд байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.


Өнөөдөр байгаль орчны асуудал нь зөвхөн нэг салбарын хүрээнд хязгаарлагдахгүй, өргөн цар хүрээтэй, улс орны хөгжлийн бодлогын чухал хэсэг болоод байна. Гол, ус, ой мод, ховор ан амьтан, тусгай хамгаалалттай газар нутаг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, дулаарлыг бууруулах зэрэг олон талт асуудлыг байгаль орчны мэргэжилтнүүд хариуцан ажиллаж байгаа нь бахархалтай гэж Завхан аймгийн Байгаль орчны газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Болор-Эрдэнэ онцлон ярилаа. 

Байгаль орчны мэргэжилтнүүд хээрийн судалгааны үеэр

Related news