ДОРНОГОВЬ: Эрчимт эмчилгээнд бөөр орлуулах шинэ төхөөрөмж нэвтрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-15 12:45:32

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дөрөвдүгээр сарын эхээр бөөр орлуулах эмчилгээний дэвшилтэт технологи болох CRRT (Continuous Renal Replacement Therapy) төхөөрөмжийг шинээр нэвтрүүллээ.


Энэхүү төхөөрөмж нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүнд, биеийн байдал тогтворгүй өвчтөнүүдэд зориулсан бөгөөд 24 цагийн турш тасралтгүй ажилладаг бөөр орлуулах эмчилгээ юм. Мөн цуснаас хорт бодис, бодисын солилцооны хаягдал бүтээгдэхүүн, илүүдэл шингэнийг аажмаар, тогтвортой гадагшлуулж, ус, электролит болон хүчил-шүлтийн тэнцвэрийг хэвийн байлгахад дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн цусны даралт тогтворгүй, цочролын байдалтай өвчтөнд илүү аюулгүйгээр эмчилгээ хийх боломжийг бүрдүүлдэг.


Мөн уг эмчилгээний явцад өвчтөнд шаардлагатай эмийн эмчилгээ болон шингэний зохицуулалтыг давхар нарийвчлалтай хянах боломжтой нь онцлог юм. Тус төхөөрөмжийг нэвтрүүлснээр эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, хүнд өвчтөнүүдэд үзүүлэх эмчилгээний үр дүн сайжрах нөхцөл бүрдэж байна гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.



Related news