ЗАВХАН: Бэлчээрийн нөөцөд хонин сүрэг жигд тархжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-15 11:38:34

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн бэлчээрийн нөөц жилийн дөрвөн улиралд хонин сүрэгт жигд тархалттай байгааг судалгаагаар тогтоожээ.


Газарзүйн мэдээллийн систем (GIS)-д суурилсан программ хангамжийн үр дүнгээс харахад зун, намрын улиралд аймгийн нутаг дэвсгэрийн 73.4 хувь буюу 6.1 сая га талбай нь хонин сүрэг бэлчээрлэхэд тохиромжтой болон нэн тохиромжтой бүсэд хамаарч байна.


Мөн өвөл, хаврын улиралд ч нийт нутгийн 73.4 хувь нь бэлчээрийн хувьд тохиромжтой гэж үнэлэгдсэн нь Завхан аймгийн бэлчээрийн нөөц улирлаас үл хамааран тогтвортой, жигд байгааг илтгэж байна.


2025 оны жилийн эцсийн мал тооллогоор Завхан аймагт 3.0 сая гаруй толгой мал тоолуулсны 46.8 хувийг хонин сүрэг эзэлжээ. Сумдаас Их-Уул сум 106.9 мянган толгой хониор тэргүүлж, Яруу сум 95.0 мянга, Баянтэс сум 89.0 мянга, Эрдэнэхайрхан сум 84.3 мянга, Алдархаан сум 84.1 мянган толгой хониор тус тус удаалжээ.


Аймгийн хэмжээнд сартуул үүлдрийн хонь зонхилж байгаа бөгөөд энэ үүлдэр нь уулархаг хээрийн бүсийн эрс тэс уур амьсгалд дасан зохицох чадвар сайтай, мах, ноосны хосолмол ашиг шимтэй юм. Ноосны 80 орчим хувь нь ноолуур бөгөөд сор үс, завсрын үс, ноолуур гэсэн гурван давхар бүтэцтэй. Мөн гадаад төрхөөрөө ихэвчлэн цагаан биетэй, хар, бор, хүрэн толгойтой байдаг онцлогтой.


Завхан аймагт сартуул үүлдрийн хонины цөм сүргийн үржлийн төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Эрдэнэхайрхан, Алдархаан суманд уг үүлдрийг цэвэршүүлэн үржүүлж байна. Мөн сартуул үүлдрийг Архангай, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт сайжруулагчаар ашиглаж байгаа ажээ.


Сонирхуулахад, сартуул үүлдрийг Хөдөлмөрийн баатар Л.Лхаасүрэн 1966 онд анх судалж эхэлсэн бөгөөд 2002 онд албан ёсоор үүлдэр болгон баталсан байна.

Related news