ЗАВХАН: Хуванцрын хэрэглээгээ багасгахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-14 16:52:26

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 14. /МОНЦАМЭ/. Завхан аймаг “Хуванцрын хаягдалгүй аймаг” болох зорилтын хүрээнд иргэдийг хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, дахивар хаягдлаа тушаан орлоготой байхыг уриалж байна.


Монгол Улсын “Хог хаягдлын тухай” хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлаа ангилан ялгаж, дахин ашиглах боломжтой хаягдлыг зориулалтын цэгт хүргүүлэх үүрэгтэй.


Энэ хүрээнд аймгийн төв Улиастай суманд дахивар хаягдлыг нэгдсэн тарифаар худалдан авах ажлыг найман сарын өмнөөс зохион байгуулж эхэлжээ. Тодруулбал, гялгар уут, пакет, гялгар цаасыг кг тутмыг 300 төгрөг, ган болон хөнгөн цагаан лаазыг кг-ыг 2000 төгрөг, ундааны хуванцар сав (PET)-ыг ширхэгийг 100 төгрөг, техникийн тосны савыг кг-ыг 150 төгрөгөөр худалдан авч байна.


Мөн хөдөө, хот орчимд хаягдсан хуванцар хог хаягдлыг цуглуулах, эзэнгүй хогийг сайн дураараа цэвэрлэж буй иргэдийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд хог ангилах савыг нийтийн эзэмшлийн талбай болон байгууллагуудад байршуулж, мэдээлэл сурталчилгааг цахимаар хүргэж байна.


Завхан аймагт жилд дунджаар 140-149 мянган тонн хог хаягдал гарч байгаагийн 85 хувь нь дахин боловсруулах боломжтой ч иргэдийн ангилан ялгах дадал хангалтгүй байгааг албаныхан онцоллоо. Иймд өрх бүр хог хаягдлаа ангилан ялгаж хэвшвэл хогийн хэмжээ багасч, дахин боловсруулах боломж нэмэгдэх ач холбогдолтойг тэмдэглэв.


Мөн хуванцар савны хэрэглээг бууруулах нь байгаль орчинд төдийгүй хүний эрүүл мэнд, эдийн засагт эерэг нөлөөтэйг онцолж, цаас, хуванцар, органик хаягдлаа ангилан ялгаж, дахивар хүлээн авах цэгүүдэд тушаахыг Байгаль орчны газрын мэргэжилтэн Д.Батцэцэг уриалав.

Related news