ЗАВХАН: Ашигт малтмалын 48 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 13. /МОНЦАМЭ/. Завхан аймагт аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэлийн 85.2 хувийг уул уурхайн олборлолт эзэлж байна.
Тус аймагт өнөөдрийн байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 48 бүртгэлтэй байгаагаас 14 нь ашиглалтын, 35 нь хайгуулын зөвшөөрөл байна.
Одоогоор гурван аж ахуйн нэгж уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, Дөрвөлжин суманд “Баян айраг эксплорэйшн” ХК, Завханмандал суманд “Шувуун хар уул”, Ургамал суманд “Форс голд майнинг” ХХК олборлолт хийж байна.
Харин 2026 онд Завханмандал суманд “Баянмандал өгөөж” ХХК, Эрдэнэхайрхан суманд “Эрдэнэ харвест” ХХК хайгуулын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Эдгээр аж ахуйн нэгж 2026 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөө (БОМТ)-г батлуулж, холбогдох зөвшөөрлөө авсан байна. БОМТ-ийн хэрэгжилтэд аймгийн Байгаль орчны газар болон холбогдох байгууллагууд хяналт тавьдаг.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь уул уурхайн үйл ажиллагааны явцад байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөөллийг бууруулах зорилготой хууль ёсны баримт бичиг юм. Тус төлөвлөгөөнд байгаль орчныг хамгаалах арга хэмжээ, хяналт-шинжилгээний хөтөлбөр, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тусгадаг байна.
Уг төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч байгууллага өөрөө боловсруулж, байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар хянуулан баталгаажуулдаг талаар аймгийн Байгаль орчны газрын уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Минжмаа мэдээллээ.