Завхан аймаг үхрийн бэлчээрийн нөөц сайтай бүсэд багтжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 13. /МОНЦАМЭ/. Завхан
аймаг үхэр сүрэгт тохиромжтой жилийн дөрвөн улирлын бэлчээрийг газарзүйн
мэдээллийн систем (GIS)-д тулгуурласан программ хангамжийн тусламжтайгаар
боловсруулж, үр дүнг танилцууллаа.
Завхан аймгийн нийт мал сүргийн 7.8 хувийг үхэр эзэлж байна. 2025 оны мал тооллогоор 236.1 мянган үхэр тоологдсон нь баруун бүсдээ тэргүүлэх үзүүлэлт болжээ. Монгол Улсын хэмжээнд 5.4 сая үхэр байдгаас 935.1 мянга нь баруун бүсэд ногдож байна.
Судалгаагаар Завхан аймгийн хангайн бүсэд монгол болон
сарлаг үхэр, харин говийн бүсэд монгол үхэр зонхилон тархсан байна. GIS-д
суурилсан үнэлгээгээр зун, намрын улиралд нийт нутаг дэвсгэрийн 65.6 хувь буюу
5.4 сая га талбай үхэрт “тохиромжтой” болон “нэн тохиромжтой” ангилалд багтаж,
жигд тархалттай байгааг тогтоожээ. Харин өвөл, хаврын улиралд энэ үзүүлэлт 73.4
хувь буюу 6.1 сая га талбайд хүрч, мөн адил жигд тархалттай байна.
Иймд үхэр сүргийг аймгийн хэмжээнд аль ч бүс нутагт өсгөн
үржүүлэх боломжтой бөгөөд цаашид тоо толгойг зохистой тогтоох, мал аж ахуйн
салбарыг эрчимжүүлэх, малын ашиг шим, чанарыг сайжруулахад анхаарах
шаардлагатайг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас
онцоллоо.
Үхэр сүргийн тэжээлийн онцлогийг авч үзвэл хялгана, нангиад
хиаг, саман ерхөг, бутнуур, монгол улаантолгой, соргүй согоовор, сорвоо, нугын
биелэг, үнэгэн сүүл зэрэг нуга-хээрийн үетэн ургамал, мөн шар царгас, ягаан
хүцэнгэ, шүдлэг хошоон зэрэг буурцагтан, агь, дэлхээ тогторгоно, нугын
шимтэглэй, холтсон цэцэг зэрэг олон төрлийн алаг өвсөөр тэжээгддэг байна.
Иймд ойт хээр, хээрийн бүсэд сахлаг ургамалтай, зөөлөн
хөрстэй жалга, судаг, уужим тал, бэл, хоолой, ухаа толгодын хялганат, алаг
өвс-хялганат, агь-жижиг үетэнт, алаг өвс-үетэнт, алаг өвс-хиагт бэлчээрийг
жилийн аль ч улиралд сонгох нь тохиромжтой гэж үзжээ.
Харин цөлөрхөг хээрийн бүсэд тэжээлийн ургамал харьцангуй
хомс боловч монгол өвс, сайрын хялгана, дэрс, хар болон цагаан суль, хар шаваг,
божмог шарилж зэрэг ургамал зонхилдог. Үхэр нь гол, горхины дагуух улалжийг
илүү сорчлон иддэг тул зуны улиралд уулын нуга, голын хөндийн үетэн-алаг өвст,
улалжит, цахилдагт бэлчээр илүү тохиромжтой байна.
Өвөл, хаврын улиралд уулын өвөр, нам дор хотгор, салхи шуурганаас хамгаалагдсан нөмөр дулаан газар, ургамлын үндэс сайн хадгалагдсан хөндий, хоолойн хялганат, хиагт, дэрст, алаг өвс-үетэнт бэлчээрийг сонгон ашиглах нь зүйтэйг нэмж дурдлаа.