ЗАВХАН: “Өвлөн бүжиглэцгээе” ардын бүжгийн VI уралдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймагт Монгол Улсын гавьяат жүжигчин, ардын багш, профессор, бүжиг дэглээч, судлаач Г.Долгорсүрэнгийн нэрэмжит ардын бүжгийн “Өвлөн бүжиглэцгээе” VI уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус уралдаан нь үндэсний бүжгийн өв уламжлалаас суралцан түүнийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, суралцагчдын уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой бөгөөд хоёр жил тутамд зохион байгуулагддаг, оролцогчдын хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг юм.
Энэ жилийн уралдааны ахлах насны ангилалд Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн сургуулийн 11а ангийн сурагч М.Цэндсүрэн тэргүүн байр эзэлж, мөн ангийн сурагч Б.Өлзийдэлгэр, 12а ангийн сурагч Б.Соронзонболд нар удааллаа. Дунд насны ангилалд 9а ангийн сурагч Ц.Эрдэнэзаяа тэргүүлж, 10а ангийн сурагч А.Батболд, Б.Аллаберген, 9а ангийн сурагч Б.Амина нар шагналт байруудад шалгарсан байна.
Мөн “Амка dance” сургалтын төвийн нэрэмжит шагналыг 12а ангийн сурагч М.Тэмүүжин, 11а ангийн сурагч А.Оюунсувд нар хүртжээ.
Уралдааны хүрээнд олон уран бүтээл тайзнаа амилсныг зохион байгуулагчид онцоллоо. Тухайлбал, соёлын тэргүүний ажилтан О.Ууганбаярын дэглэлт “Онгодын эгшиг” бүжгийг М.Цэндсүрэн уран яруу хөдөлгөөнөөр үзэгчдэд хүргэсэн бол соёлын тэргүүний ажилтан Т.Энхболдын дэглэлт “Хатиръя” бүжгийг Б.Өлзийдэлгэр амилуулж, дотоод сэтгэлийн нарийн мэдрэмж, хүсэл тэмүүллийг илэрхийлсэн байна.
Харин дунд насны ангилалд н.Лхамжавын дэглэлт “Эмнэг сургагч” бүжгийг А.Батболд чадварлаг гүйцэтгэж, хүний дотоод тэмцэл, тэсвэр хатуужил, ялан дийлэх хүчийг илэрхийлсэн бүтээлээрээ онцгойрчээ.
Түүнчлэн “Сэдэн залуу”, “Жонон”, “Монгол бүсгүй” зэрэг бүтээлүүд тайзнаа эгшиглэж, суралцагчид өөр өөрийн өнгө аяс, уран сэтгэмжээр дамжуулан бүжгийн урлагийн гүн утга, өв соёлыг илэрхийлсэн байна.
Завхан аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын урлаг, утга зохиолын асуудал хариуцсан мэргэжилтэн, жүжгийн зохиолч Д.Ариунбаяр “Энэ удаагийн уралдаанд сэтгэл ариусган, гоо зүйн нарийн мэдрэмж төрүүлэх олон бүтээл толилууллаа. Суралцагчид бүжгийн урлагаар дамжуулан үзэгчдийн сэтгэлийн гүн давхаргад хүрч, үндэсний өв соёлыг өвлүүлэхийн чухлыг тод харуулж чадсан” хэмээн онцлон хэлэв.
