ЗАВХАН: Баядууд шинэ гэрийн мялаалга хийдэг уламжлалаа хадгалсаар байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хүн амын дийлэнхийг халх ястан эзэлж байгаа бөгөөд Улиастай суманд баяд ястны 32.5 хувь нь оршин сууж байна.
Аймгийн баруун болон хойд хэсгээр сартуул, мянгад, хотгойд зэрэг угсаатны бүлгүүд амьдардаг бөгөөд эдгээр нь өөрийн гэсэн аялга, соёлын өвөрмөц онцлогийг хадгалсаар иржээ.
Тухайлбал, баяд ястны гэр нь монгол гэрийн ерөнхий хэв шинжийг агуулдаг боловч тодорхой онцлогтой. Бургасан хана, унь, хусан тооноор хийдэг тул нүүдэл суудалд тохиромжтой. Мөн ихэвчлэн 10-12 толгойтой, 6-8, зарим тохиолдолд 10 ханатай байдаг нь бусад монгол гэрээс илүү томд тооцогдоно.
Цагаан эсгий бүрээстэй, дээвэр болон туурганы амыг хоёр давхар зээгээр эмжиж, оосрыг хос дээсээр хийдэг. Сүүлийн үед эсгий бүрээсийн гадуур даавуун цагаан бүрээс хэрэглэх болсон байна.
Баяд ястнууд гэрээ гурван хялгасан буюу хошлон бүслүүрээр бүсэлдэг уламжлалтай. Шинэ гэр барихад ахан дүүс, айл саахалт хамтран оролцож, мялаалга хийдэг заншил өнөөг хүртэл хадгалагджээ.
Гэр барих өдрийг урьдчилан товлож, нутгийн ах дүүст 7-10 хоногийн өмнө мэдэгддэг байна. Найрт ирсэн зочид эсгий, даавуу, оосор, бүслүүр зэрэг материал, мөн хүнс авчирч, гэрийн бүрээс оёх, барих ажилд оролцон ерөөл өргөж, найр эхэлдэг. Эдгээр бэлэгт үнэ хөлс авдаггүй бөгөөд хожим бусдынд мөн адил тусалдаг нь олон зуун жил уламжлагдсан соёлын өв юм.
Сүүлийн хүн амын тооллогын дүнгээр Завхан аймагт дөрвөд, хотгойд, баяд ястан 32-57 хүнээр өссөн бол казах, мянгад, барга ястан 18-32 хүнээр буурсан үзүүлэлттэй байна.
Аймгийн нийт хүн амын 99.2 хувийг халх, 0.2 хувийг дөрвөд, 0.1 хувийг баяд, захчин, торгууд, өөлд, хотгойд ястан эзэлж байна. Үүнээс дөрвөд ястны 25.0 хувь, казах ястны 35.7 хувь, баяд ястны 32.5 хувь нь Улиастай суманд төвлөрсөн бол өөлд ястны 40.0 хувь нь Их-Уул суманд, хотгойд ястны 56.1 хувь нь Тэс суманд оршин сууж байна.

Баяд гэр