ЗАВХАН: Үүлэнд зориудаар нөлөөлснөөр 9 суманд хур тунадас оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Завханы хойд бүсийн сумдын нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг “Завхан бороо” экспедиц зохион байгууллаа.
Энэ жилийн анхны үйл ажиллагааг 4 дүгээр сарын 7-ний өдөр нутгийн хойд хэсэгт эхлүүллээ. Цаг агаарт зориудаар нөлөөлсний үр дүнд ихэнх нутгаар өдөртөө 0.0-4.0мм, шөнөдөө 0.0-10.0мм бороо, цас орж, цасны зузаан 0-10см-ээр нэмэгджээ.
Өртөө, харуулын ажиглалтын талбайн мэдээгээр Идэрт 10 см, Тэлмэнд 8 см, Ярууд 2 см, Цэцэн-Уул, Баянхайрхан, Цагаанчуулт сумын нутгаар 1 см, Тосонцэнгэл, Нөмрөг, Отгон, Их-Уул, Сонгино сумын нутгаар 0.0 мм цастай байна. Бусад сумын нутгаар цасгүй бөгөөд уулсаараа цастай байна.
Цаг агаарт зориудаар нөлөөлж, бороо оруулах экспедицийн үйл ажиллагаа нь ихэвчлэн хуурайшилт ихтэй үед хур тунадас нэмэгдүүлэх, ой хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах зорилготой байдаг. Энэ үйл ажиллагааг Цаг уур, орчны шинжилгээний газар болон мэргэжлийн экспедицийн баг зохион байгуулж, үүлэнд зориудаар нөлөөлөх бодисыг ашиглан бороо оруулдаг.
Өөрөөр хэлбэл ихэвчлэн хавар, зуны улиралд хуурайшилт ихтэй үед үүл буудаж, цаг агаарт зориудаар нөлөөлөх замаар хур тунадас нэмэгдүүлдэг. Энэ жилийн анхны ажлын үр дүнд аймгийн ойт хээрийн бүсийн 9 сумын нутагт хур тунадас орлоо гэж Цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
