ДОРНОГОВЬ: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-08 17:31:33

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Айраг суманд зохион байгууллаа.


Онцгой байдлын Ерөнхий газрын даргын 2023 оны А/383 дугаар тушаал, Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд зохион байгуулж буй дадлага сургуулилалтыг сумын Онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг “Цуглар” дохиогоор эхлүүлжээ. 


Энэ үеэр сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд чиглэсэн танхимын сургалт хийж, удирдах бүрэлдэхүүний гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хэрэгцээ шаардлага болон гамшгийн үеийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, харилцан ажиллагаа, шуурхай штабын бүтэц, зохион байгуулалт, аюулт үзэгдэл, ослын хариу арга хэмжээний талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн байна. 


Сургуулилалтын удирдагчаар аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч М.Эрдэнэсайхан ажиллажээ. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Монгол Улсын Шадар сайдын аймгийн Засаг даргатай 2026 онд байгуулсан төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ, аймгийн Засаг даргын “Тогтвортой бодлого-Тасралтгүй хөгжил” үйл ажиллагааны хөтөлбөр, Онцгой байдлын газрын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор Айраг суманд зохион байгуулсан байна.  


Related news