ДОРНОГОВЬ: Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг шинэ орчинд үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-04-08 11:30:41

Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн төв Сайншанд суманд байдаг Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлэг 36 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байна.


Нийт 30 ортой, 28 эмч, эмнэлгийн ажилтантай тус ардын эмнэлэг нь амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасаг, сувиллын үндсэн гурван хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тус эмнэлэг уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэг, оношилгоонд үндэслэн 72 нэр төрлийн монгол эм, тангаар үйлчилж, мөн 45 төрлийн засал эмчилгээ хийж байна.


Магадлан итгэмжлэгдсэн тус эмнэлгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлж жилдээ 5000 гаруй хүнд үйлчилж байна. Хоёр жилийн өмнө аймгийн ИТХ-ын шийдвэрээр аймгийн Уламжлалт Анагаах Ухааны эмнэлгийг Даланжаргалан сумын "Халзан-Уул" рашаан сувилалтай нэгтгэснээр ардын эмнэлгийг рашаан сувилалтай хослуулан ажиллуулж, үйлчлүүлэгчдэд цогц, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрджээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж ардын эмнэлгийн онол, арга зүйд тулгуурлан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” гарган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зарлигаар чиглэл болгосон.


Тиймээс аймаг орон нутгаас хуучин байранд үйл ажиллагаа явуулж байсан Уламжлалт Анагаах Ухааны Нэгдсэн эмнэлгийг эмнэлгийн зориулалтаар барьсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёрдугаар байранд сарын өмнө шилжүүлэн суурьшуулснаар эмнэлэг тохь тухтай шинэ орчинд, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.


Уламжлалт Анагаах Ухааны нэгдсэн эмнэлэг нь харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд уламжлалт анагаах ухааны үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг амбулатори болон хэвтэн эмчлүүлэх хэлбэрээр үзүүлдэг, эрүүл мэндийн байгууллага бөгөөд чанар нөөц нь тогтоогдсон рашаан ус, байгалийн бусад хүчин зүйлсийг ашиглаж сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлдэг, аймгийн хэмжээний сувиллуудыг мэргэжил арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий эрүүл мэндийн үйлчилгээний байгууллага юм.  





Related news