ЗАВХАН: Цэргийн албаны үүргээ 200 орчим оюутан биелүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-04-07 16:32:00

Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 7. /МОНЦАМЭ/. Завхан аймаг дахь МУИС-ийн харьяа сургууль, Политехникийн коллеж, Хөгжим бүжгийн коллежийн 200 орчим оюутан, суралцагч “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдан цэргийн албаны үүргээ биелүүлж байна.


Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үүргийг иргэн бүр хүлээнэ гэж заасан.


Уг үүргийг биелүүлэх нэг хэлбэр нь оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сургалт юм. Батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчлэлээр 2016 оноос энэхүү сургалтыг цэргийн алба хаах албан ёсны хэлбэр болгон хуульчилсан. Үүний хүрээнд Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй МУИС-ийн харьяа сургууль, Политехникийн коллеж, Хөгжим бүжгийн коллежийн оюутан, суралцагчид сургалтад хамрагдаж байна.


Оюутан цэргийн сургалт нь залуучуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжүүлсэн хөтөлбөрөөр бэлтгэж, цэргийн албыг давхар хаах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой. Мөн эх оронч үзэл төлөвшүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах, дайчилгааны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.


Энэ жилийн цэргийн мэргэжил олгох сургалтын нээлт энэ сарын 4-нд Улиастай суманд болж, сургалтад хамрагдаж буй оюутан, суралцагчид бэлтгэл сургуулилалтаа эхлүүлээд байна. Нээлтийн үйл ажиллагаанд Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат болон төрийн цэргийн, хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл оролцож, оролцогчдод амжилт хүслээ.


Ташрамд “Оюутан цэрэг-2025” хөтөлбөрт Завханы 16 оюутан хамрагдаж, 6 цэрэг нь дэд түрүүч, түрүүч, ахлах байлдагч цол хүртсэн байна.

Энэ оны оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын төлөөлөл ийнхүү сургалтаа эхлүүллээ.

Related news