ДОРНОГОВЬ: Сувилахуйн мэргэжлийн оюутнууд мэдлэг, ур чадвараараа өрсөлдлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулиас сувилахуйн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Сувилахуйн ур чадварын улсын V олимпиад"-ыг 4 дүгээр сарын 3-нд Сайншанд суманд зохион байгууллаа.
Олимпиадад АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургууль, Говь-Алтай аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, “Ач” Анагаах Ухааны Их Сургууль, ҮТИС, “Этүгэн” Их Сургууль, “Энэрэл” коллеж, "Глобал удирдагч" Их Сургууль, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, Олон улсын Улаанбаатарын Их Сургуулийн нийт 12 баг оролцож эрдэм мэдлэгээ уралдуулжээ.
Олимпиадын тэргүүн байрт АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн О.Сүглэгмаа ахлагчтай баг, дэд байрт "Глобал удирдагч" Их Сургуулийн Б.Баасан ахлагчтай баг, гутгаар байрт АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн Ю.Ширмэнтуяа ахлагчтай баг шалгарлаа. Онолын шилдэг оюутнаар "Глобал удирдагч" Их Сургуулийн оюутан Х.Нандинцэцэг, ур чадварын шилдэг оюутнаар АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах Ухааны Сургуулийн оюутан О.Сүглэгмаа нар шалгарав.
Энэхүү олимпиад нь сувилахуйн чиглэлээр сурч буй оюутнуудын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, эмнэлгийн салбарт мэргэшсэн сайн мэргэжилтэн бэлтгэхэд чухал үүрэгтэй юм.
