ДОРНОГОВЬ: Замын-Үүд-Эрээн боомтын хөгжлийн асуудлаар хуралджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын Замын-Үүд-Эрээн боомтын 2026 оны хамтарсан уулзалт гуравдугаар сарын 31-нд Замын-Үүд суманд болж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр тодорхой асуудлыг хэлэлцэн санал солилцжээ.
Уулзалтын үеэр Монголын талаас хоёр хотын нутаг дэвсгэрийн хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хилээр нэвтрэх ачааны машины урсгал, дарааллыг сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэв. Мөн Замын-Үүд-Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсээр дамжуулан экспорт, импортын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны механизмыг тодорхойлсон гэрээ байгуулж, хэрэгжилтийг улирал тутам дүгнэн, тогтмол уулзалт зохион байгуулахаар болсон байна.
Уулзалт нь Замын-Үүд-Эрээн боомтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хил орчмын эдийн засгийн идэвхжил болон харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж талууд дүгнэжээ. Тус уулзалтад сумын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга, ИТХ-ын төлөөлөгчид болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцжээ.