ДОРНОГОВЬ: Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хатанбулаг сумын ЗДТГ-аас 2026 оныг аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарлажээ. Тус сумын нутаг XI-XII зууны үед Хэрэйд аймаг, Манжийн ноёрхлын үеийн Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, 1923 оноос Хутаг уулын хошуу, 1931 оноос Дорноговь аймгийн нутагт хамаарах болсон байна. Манж чин улсын үед өмнөөс умрыг зорьсон зам дагуух Харчин өртөө энэ бүс нутгаар дайрч байсан бөгөөд нутгийн иргэд өртөө улааны алба хашиж байв.
Аймагтаа хамгийн их хадны бичээстэй энэ нутагт он цагийн хувьд хуучин чулуун зэвсгийн үе, шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, Хүннү гүрний үе, Түрэгийн үе, Манжийн үеийг хамаарсан хадны сүг зураг олон бий. Мөн сумын есөн гаймшгийн нэг Эргэлийн зоо буюу элсэн говь дахь байгалийн онцлог тогтоц бүхий хайрхнаас өгсүүлээд Батмөнх даян хаан, Мандухай сэцэн хатны үеийн дурсгалт газрууд олон байхаас гадна ардын аман зохиол, ардын дуу, үндэсний бүжиг зэрэг соёлын олон өвөөрөө алдартай юм.
Тухайлбал, Монгол Улсын Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч, Цэрэндуламын Сэвжид, Ардын зураач Лувсангийн Гаваа зэрэг олон алдартан тус сумаас төрөн гарчээ. Тус сум өнгөрсөн жил нутгийнхаа хайрхны нэртэй соёл урлагийн “Эргэл” фестивалийг зохион байгуулж “Сэвжидийн бүжиг”, бүжгийн тоглолт, “Эргэл богдын тойром” шагайн харваа, “Эргэл богдын эгшиглэн” яруу найргийн наадам, “Үзэсгэлэнт Хатанбулаг” гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгож байжээ. Энэ жил мөн л “Эргэл" фестивалийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.