ДОРНОГОВЬ: “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-25 12:31:54

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсад цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр Дорноговь аймагт эхлүүлж, “Цахим Дорноговь” өдөрлөгийг зохион байгууллаа.


Өдөрлөгт төрийн байгууллагууд, технологийн салбарын төлөөлөл, экспертүүд зэрэг 100 гаруй оролцогч цугларч, цахим шилжилтийн бодлого, шийдэл, шинэ технологийн боломжуудыг танилцуулна. Мөн иргэд төрийн үйлчилгээг газар дээр нь, нэг цэгээс авах боломжтой болохын зэрэгцээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон төрийн албан хаагчдад зориулсан тусгай сургалт хийнэ.


Тухайлбал, сургуулийн сурагчдын дунд хиймэл оюуныг өөрийн хэрэгцээнд ашиглан сургах, даалгавар гүйцэтгүүлэх, дроны сүүлийн үеийн технологийг танилцуулах бол төрийн албан хаагчдад төрийн байгууллагын удирдлагын нэгдсэн систем “ERP-EMONGOLIA”, кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, бодит эрсдэл, төрийн мэдээллийн сан хариуцсан байгууллагын үйлчилгээ, хиймэл оюунд суурилсан халдлагууд зэрэг мэдээллийг хүргэнэ.


Өдөрлөгийн нээлтэд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны  дэд сайд Г.Баярхүү болон тус яамны  холбогдох мэргэжилтнүүд, Дорноговь аймгийн төрийн байгууллагын алба хаагчид, иргэдийн төлөөлөл оролцлоо.  “Цахим Дорноговь”  өдөрлөг хоёр өдөр үргэлжилнэ.



Related news