ДОРНОГОВЬ: Сурагчид гамшгийн эрсдэлээс сэргийлэх мэдлэг, чадвараа ахиулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулиудын II улирлын бие даалтын долоо хоног эхэлсэн энэ өдрүүдэд "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд гамшгаас хамгаалах анхан шатны сургалтыг аймгийн Онцгой байдлын газраас үе шаттай зохион байгуулж байна.
Тухайлбал, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын 1, 4 дүгээр сургуулийн дунд ангийн сурагчдад гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах, газар хөдлөлтийн аюулыг танин мэдүүлэх, урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэг олгох сургалтыг өнөөдөр танхимын хэлбэрээр зохион байгуулж, 200 гаруй сурагчийг хамруулжээ.
Мөн "Гал түймэр унтраах тактик, тархалтын дадлага сургуулийг Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд зохион байгуулж, галын аюулгүй байдлын тухай хууль, норм норматив, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр танхимын сургалт болон гал гарсан үед аюулгүй байдлаа хангах, гал унтраагуур ашиглан гарч буй галыг унтраах чиглэлээр бодит дадлага хийж үзүүлсэн байна.
Ингэснээр сурагчид бие даалтын долоо хоногийг гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед ажиллах арга барилд суралцаж байгаа юм.
