ДОРНОГОВЬ: Зэрлэг амьтдын бэлчээрт өвс тавив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Говийн бага дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутгийн “Б” хэсэгт зэрлэг амьтдад идэш тэжээлийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх биотехникийн ажлыг гуравдугаар сарын 20-нд зохион байгуулжээ.
Ингэснээр ховор болон нэн ховор амьтдын амьдрах орчныг хамгаалах, хаврын улирлын хүндрэлтэй нөхцөлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх, идэш тэжээлийн хомсдолыг багасгах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой юм.
Говийн бага дархан цаазат газар нь Өмнөговь аймгийн Номгон, Баян-Овоо,
Ханбогд, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутгийн баруун хэсэг буюу 1.8 сая га
талбайг хамардаг. Энд дэлхийд
ховордсон, агнахыг хориглосон хулан,
аргаль, янгир, хар сүүлт зэрэг зэрлэг амьтад идээшин бэлчээрлэдэг.
