ДОРНОГОВЬ: Дундын хоршоог сумдаар бүсчлэн байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-19 14:54:20

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Х.Ганхуяг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Дорноговь аймагт ажиллаж байна.


Албаныхан аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож орон нутгийн хэмжээнд гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ. Тухайлбал, Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн батлагдсантай холбогдуулан аймаг, сумдын “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г судалгаанд үндэслэн бодит байдалд нийцсэн байдлаар шинэчлэн батлуулах, мал, амьтны сэг зэмийн устгалыг яаралтай хийж, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аймаг, сумын хэмжээнд шаардагдах малын эм, бэлдмэл, вакцин, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн багаж, тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх зорилгоор шуурхай хөдөлгөөнт бүлэг томилж ажиллуулахыг даалгажээ.


Мөн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд "Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, “Малын гаралтай түүхий эд бэлтгэх, анхан шатны боловсруулалт хийх дундын хоршоодыг сумдаар бүсчлэн байгуулна” гэсэн заалтуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгожээ.


Ташрамд,  өмнө нь тус аймагт “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг 2019 онд, гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага сургуулийг хэд хэдэн удаа  зохион байгуулж байжээ.  



Related news