ДОРНОГОВЬ: Зургаан баатрын хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-17 15:52:11

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойд зориулж аймгийн ЗДТГ, хууль хүчний байгууллагын төлөөлөл Сайншанд хотын төвд байрладаг зургаан баатрын хөшөө, Дорноговиос төрсөн Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн хөшөөнд өнөөдөр хүндэтгэл илэрхийлж цэцэг өргөлөө.


1941 оны долоодугаар сарын 23-нд Монголын ардын армийн анги, нэгтгэлийн хуягт бригадын бүрэлдэхүүн дээд командлалын тушаалаар улсынхаа өмнөд хилийг хамгаалахаар маршаар Улаанбаатар хотоос хөдөлж өнөөгийн Дорноговь аймгийн төв Сайншанд хотод ирсэн түүхтэй.


Сайншандын мото-механикжуулсан долоодугаар хуягт бригад 1945 оны чөлөөлөх дайнд оролцохдоо Жанчхүүгийн даваа хүртэл тулалдан баатарлаг гавьяа байгуулсан бөгөөд Д.Нянтайсүрэн, Д.Данзанваанчиг, С.Дампил, Дүүдэй, Л.Аюуш, М.Жанчив нарын зургаан баатар төрүүлсэн ганцхан анги хэмээн түүхэнд алдаршсан билээ. Зургаан баатрын хөшөөний ойр орчмыг тохижуулж явган хүний шат, хүүхдийн тоглоомын газар зэргийг байрлуулсан байна.






Related news