ЭХЭМҮТ-ийн эмч нар Дорноговьд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ЭХЭМҮТ-ийн эмч нарын багийн бүрэлдэхүүн оролцсон “Эх хүүхэд нярайн мэс заслын тусламж” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Эмч нарын баг хүүхдийн болон нярайн ерөнхий мэс засал, мэдрэлийн мэс заслын үзлэг, оношилгоо, эх барих, эмэгтэйчүүдийн үзлэг, жирэмсний үеийн хавсарсан эмгэгийн оношилгоо, эмэгтэйчүүдийн эмгэгийн үед хийх мэс заслын үзлэг, мэс заслын дараагийн шатанд хамруулах болон зөвлөгөө өгөх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар 3 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг урьдчилан үзэж, мэс засалд бэлтгэсэн байна.
Ташрамд, аймгийн Эрүүл мэндийн газраас 2026 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд эмч нарын багийн үзлэг, оношилгоог аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна. Мөн "Монголын алт" ХХК-ийн дэмжлэгтэйгээр "Энх мэнд" төслийн хүрээнд орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлыг давхар зохион байгуулна. Эмч нарын баг өнөөдрөөс эхлэн 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал ажиллах юм.
