ЗАВХАН: Монголын уулчид 71 жилийн өмнө Отгонтэнгэр ууланд анх авирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монголын уулчид 1955 онд мөнх цаст Отгонтэнгэр уулын ноён оргилд амжилттай авирч, төрийн далбаагаа мандуулжээ.
Үүнийг Монголын уулын спортын түүхэнд өндөр уулын оргилд анх авирсан тохиолдол гэж тооцдог.
Зарим эх сурвалжид, анхны оролдлогыг 1953 он гэдэг ч оргилд гарсан албан ёсны авиралт нь 1955 он гэж тэмдэглэгдсэн нь архивын баримтаар нотлогдсон бөгөөд “Нэгэн зууны шастир” номд мөн дурдсан байна. Тухайн үед Монголын уулын спортын багийн 10 гаруй хүн оргилд амжилттай гарчээ.
1956 онд Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд амжилттай авирсан тамирчдад спортын мастер цол олгожээ. Үүнээс хойш Монголын уулчид Хүйтэн, Хархираа, Түргэн, Сутай, Цамбагарав зэрэг томоохон оргилд авирсан байна.
Отгонтэнгэр ууланд өнөөдрийн байдлаар мэргэжлийн болон сонирхогч уулчид тогтмол авирдаг ч нийт хэдэн хүн авирсан талаар албаны тоон мэдээлэл байхгүй байна.
Тус ууланд багаараа буюу олон хүнийг хамарсан авиралт 2017 онд болсон. Тодруулбал, 2017 оны аравдугаар сард 27 хүн оргилд амжилттай гарсан ч буух замдаа цасан нуранги болж, 17 хүн амиа алдаж, 10 хүн эсэн мэнд буужээ.