ДОРНОГОВЬ: Цагаан дэлийн агуйд Ажлын хэсэг ажиллажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Айраг сумын нутагт орших монгол орны хамгийн урт Цагаан дэлийн агуйн нөхцөл байдлыг газар дээр нь тодорхойлох, байгаль орчныг хамгаалал, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон холбогдох бусад чиглэлээр төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг энэ оны 03 дугаар сарын 05-нд Цагаан дэлийн агуйн орчимд ажиллаж, санал солилцжээ.
Тус ажлын хэсгийг Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан бөгөөд ажлын хэсэг төлөвлөгөө, саналаа нэгтгэж аймгийн Засаг даргад танилцуулах аж.
Ажлын хэсэгт Айраг сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Дорноговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Байгаль орчны газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар, Соёл, урлаг, аялал жуулчлалын газар, Ашигт малтмалын төлөөлөгчийн газар, Их нартын хамгаалалтын захиргаа, Дорноговь аймгийн Аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагуудын дарга, удирдлага, төлөөлөл оролцсон байна.

Цагаан дэлийн агуй нь Сайншандаас 125 км, сумын төвөөс 25 км, Нард багийн төвөөс 10 км-т оршдог. Баруунаас зүүн тийш 20 метр, хойноос урагш 45 метр, 12 метр орчим гүн, гар аргаар жонш олборлож байсан нүхнээс гэнэт эгц доошоо үүсэн гарсан агуй юм. 1968 онд хайлуур жонш олборлож байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор нурж нээгджээ.
Анх орсон хүмүүс агуй дотор ус мөс, бүтнээрээ шахам байсан төдийгүй нохой шиг толгойтой том амьтан, өөр бусад амьтны яс маш их байсныг олж үзээд ШУА-д захиа бичиж судлахыг хүсэж байжээ. Уг агуйн орчимд хайлуур жоншны ордуудтай бөгөөд иргэд хууль бусаар амных нь болон дотор хананы жоншийг ашиглаж эвдэж сүйтгэсэн байдаг. Уг агуй нь улсад хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог төдийгүй дотроо том амьтны соёо, ханын сүг зураг байдаг бөгөөд бүрэн судлагдаагүй байгалийн сонин тогтоц бүхий газар юм.
Цагаан дэлийн агуйг 2006, 2010, 2013 онд
сумын тусгай хамгаалалтад авч байсан бол байгалийн дурсгалт газрын ангиллаар
аймгийн тусгай хамгаалалтад 2011, 2014, 2019 онд тус тус авч байжээ. Харин 2019
онд улсын тусгай хамгаалалтад авчээ.
Агуйн хоёр ам далайн түвшнээс дээш 1140 м өндөрт хайлуур жонш
авч ашиглаж байсан 150 гаруй урт, 16.5м гүн сувгийн ёроолд зүүн хойш харсан
байрлалтай. Нэг дэх ам нь сувгийн урьд үзүүрээс 98.8 м оршино.
Агуй малталтаас үүссэн газрын доод давхаргын амнаас доош 4-5
метр өргөн, 8-9 метр гүн буух тавцантай бөгөөд эргэн тойрон гэр хэлбэрийн
хөндийтэй. Уг хөндийгөөс цааш тахиралдсан нарийн нүхтэй том дугираг гэр
хэлбэрийн хөндийнүүд бий бөгөөд жилийн дөрвөн улиралд байнгын ус, мөстэй
байдаг.