ДОРНОГОВЬ: Хөдөлмөрийн баатар адуучин О.Мажиг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-11 16:49:48

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хөдөлмөрийн алдартнуудын тухай цувралаар хүргэж байна. Энэ удаад тус аймгийн Өргөн сумын харьяат, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, адуучин Одсүрэнгийн Мажигийн амжилт бүтээл, замналыг өгүүлж байна.


Одсүрэнгийн Мажиг 1935 онд Дорноговь аймгийн Баянмөнх /одоогийн Өргөн/ суманд төржээ. Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөх үед орон нутагтаа 1957 онд нэгдэл байгуулж, адуучнаар олон жил ажилласан байна. Тэрбээр хариуцсан сүргээ жил бүр тарга тэвээрэг авч, онд сайн оруулж, унага бойжуулах, хөөвөр, хялгас, бусад ашиг шимийн даалгавруудыг тогтмол давуулан биелүүлснээр улсын аварга малчин болжээ.


1953-1993 оны хугацаанд тасралтгүй 39 жил нэгдлийн адуун сүргийг маллаж, тоо толгойг нь 6000 гаруйд хүргэсэн бөгөөд малын хорогдол гаргалүй өсгөж 1054-1060 унага бойжуулан, нэгдэл нийгмийн мал сүргийг өсгөхөд томоохон хувь нэмэр оруулсан тул 1976 онд хуралдсан МАХН-ын 17 дугаар Их хурлын үеэр түүнд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгож, Сүхбаатарын одонгоор шагнажээ.


Тэрээр Дорноговь аймгаас төрөн гарсан цорын ганц адуучин хөдөлмөрийн баатар юм. Мажиг зөвхөн адуучин байгаад зогсохгүй олон хурдан морьтой байжээ. 1965 оны аймгийн баяр наадамд цоохор азарга нь айргийн дөрөвт, 1967 оны аймгийн баяр наадамд саарал хязаалан түрүү магнайд хурдалж, 1987 оны аймгийн баяр наадамд хонгор азарга  айргийн гуравт давхиснаас гадна олон хурдан морио сойж сум, орон нутгийн баяр наадмаас олон түрүү айраг авчээ.


БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар О.Мажигийн гавьяат үйлсийг мөнхжүүлэн, түүний адуун сүргийн бэлчээр Цантын овоонд дурсгалын багана, түүний хөшөө дурсгалыг Өргөн сумын төвд байгуулсан “Их говийн зоригтон”-ны хөшөө дурсгалын цогцолборт сүндэрлүүлсэн билээ. Үр хүүхдүүд нь жил бүр баатар адуучин аавынхаа нэрэмжит наадмыг хийж, хурдан морь уралдуулж, өсвөрийн бөх барилдуулж аймаг, сумыг хамарсан баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 


Мажиг баатрын хүүхдүүд түүний нэр төрийг өндөрт өргөж, бага хүү М.Түмэн-Эрдэнэ нь Монгол Улсын аварга малчин цол, сумын алдарт уяач, том хүү Т.Түмэнбаяр нь аймгийн алдарт уяач цол хүртэж, хурдан хүлэг морьдоо сойн аймаг, сум орон нутгийн баяр наадмаас олон айраг түрүү авчээ. Тэрээр нийгмийн амьдралд идэвхтэй оролцож МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцож байв.


Related news