ЗАВХАН: Хүүхдүүд программчлалын анхан шатны мэдлэг эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-03-11 14:22:24

Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх төв нь хүүхдүүдэд технологи, шинжлэх ухаан, инженерчлэл, урлаг, математикийн чиглэлээр мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх өргөн боломжийг бүрдүүлж байна.


Өнөөдрийн байдлаар "Unitel steam hub" төв нь 120 гаруй хүүхдэд орчин үеийн технологийн боловсрол эзэмших боломжийг олгож, ирээдүйн мэргэжлээ эртнээс танин мэдэх боломжийг бүрдүүлжээ.


Төв нь гуравдугаар сарын элсэлтээ авч эхэлсэн бөгөөд 8-14 насны хүүхдүүдэд зориулсан олон улсын тэмцээнтэй роботын, дроны сургалт, кодчилол, цахилгаан хэлхээ, электроник болон роботын сургалтуудыг санал болгож байна.


Энэхүү сургалт нь ашгийн төлөө бус бөгөөд адил төрлийн сургалтуудаас 3-4 дахин бага төлбөртэй, зөвхөн багшийн цаг, сургалтын материалыг нөхөх зардлыг багтаасан юм. "Unitel steam hub" төвийн сургалтаар хүүхдүүд робот болон программчлалын анхан шатны мэдлэг эзэмшиж, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвараа хөгжүүлэхээс гадна багийн ажиллагаа, өөрийн санаагаа хэрэгжүүлэх туршлага хуримтлуулна.


Завхан аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас мэдээлснээр, ирээдүйн бүтээлч сэтгэгчид, инженерүүд, программистууд эндээс төрөн гарах боломжтой гэв. Эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж, STEAM боловсролын шинэ боломж болох "Шимт" хөтөлбөрт хүүхдээ бүртгүүлэхийг уриалж байна.


Ташрамд, Завхан аймагт "Шимт" STEAM боловсролын хөтөлбөрийг ЕБС-ийн бага ангиудад амжилттай хэрэгжүүлж, сурагчдын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж байна. 2021 оноос эхлэн 29 сургуулийн багш нар сургалтад хамрагдаж, сурагчид төсөл болон судалгаанд суурилсан арга барилаар хичээллэж ирсэн.


Энэхүү хөтөлбөр нь хүүхдийг багаас нь шинжлэх ухаанч, бүтээлч байхад сургах, загвар зохион бүтээх, турших, бэрхшээлийг даван туулах чадварыг хөгжүүлэх зорилготой. Энэ жил цэцэрлэгүүд ч хөтөлбөрт оролцож байна.



Related news