ДОРНОГОВЬ: Өсвөрийн яруу найрагчдын "Хүрэл тулга-2026" наадмын тэргүүн байрын эзэд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Хүрэл тулга-2026” өсвөрийн яруу найргийн наадмыг өнөөдөр зохион байгууллаа.
Үгийн уран тансаг мэдрэмж, гоо зүй, гүн ухаан,
бясалгал хийгээд яруу тунгалаг хөг эгшгийг мэдрэх, яруу найрагчдын залгамж
халааг бэлтгэх зорилготой яруу найргийн наадамд 6-9 дүгээр анги, 10-12
дугаар ангийн ангиллаар 70 гаруй хүүхэд
өрсөлдсөн юм.
Наадмын 6-9 дугаар
ангийн ангилалд 50 хүүхэд өрсөлдсөнөөс тэргүүн
байрт Мандах сумын ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч Ө.Мөнгөн-Эрдэнэ тэргүүлсэн бол 10-12 дугаар ангийн ангилалд 26 хүүхдээс Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар
сургуулийн 11г ангийн сурагч Э.Мөнхсоёлмаа тэргүүлж “Хүрэл тулга-2026” улсын наадамд
оролцох эрхтэй боллоо.
Яруу найргийн наадмын 10-12 дугаар ангийн ангилалд тэргүүн байрт шалгарсан Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 11г ангийн сурагч Э.Мөнхсоёлмаагийн шүлгийг хүргэж байна.

ШИДЭТ УС
Аз жаргалын хаалга
Алсхан нэгэн өдөр хаагдана
Ахин хэзээ ч
Нээгдэхгүйгээр хаагдана
Амьдралын замд
Алхам алхмаар явсаар
Аливааг мэдэх мэт атлаа
Араас нь эргэлзсээр үлдэнэ
Хөрсөн доорх хорвоо
Хэрхэн харагдах бол?
Хөвөх сүнс
Хаашаа одох бол?
Мэдэхгүй мэт төрсөн ч
Мөнхийн төгсгөл байдгийг
Мэдэрч л явдаг хүн
Тэр цагт
Тэнгэрийн салхи
Тайвшруулж тайтгаруулах болов yy?
Байгалийн баясалд уусан
Балаг бүхнийг мартах уу?
Бүдгэрсэн дурсамж
Бүр мөсөн арилах уу?
Эсвэл
Энгийн нэгэн
Эргэж арилахгүй толбо болох уу?
Шидэт ус
Шаналлыг шингээж
Сэтгэлийг минь
Сэмхэн ариусгах болов уу?
Шингэн гэрэлд
Шимэн уусан
Сүүдэр мэт
Алга болох болов уу?
Эргээд би ирэх үү
Эгэл ертөнцөд дахин?
Эсвэл энэ хорвоогоос
Эцэслэн арилах уу?
Буянт нэгэн хүн болж
Буцаж би ирмээр байна
Хүмүүний сэтгэлд
Хүндтэй нэгэн баймаар
Хүсээд ч авахгүй алдрыг
Хүмүүс надад өгөх биш
Хөнгөн болсон бие минь
Дааж ямар чадах биш
Дээдэлж ямар дийлэх биш дээ
Олоо л би амьдаръя
Эргээд би ирэх үү
Эгэл ертөнцөд дахин?
Эсвэл энэ хорвоогоос
Эцэслэн арилах уу?
Буянт нэгэн хүн болж
Буцаж би ирмээр байна
Хүмүүний сэтгэлд
Хүндтэй нэгэн баймаар
Хүсээд ч авахгүй алдрыг
Хүмүүс надад өгөх биш
Хөнгөн болсон бие минь
Дааж ямар чадах биш
Дээдэлж ямар дийлэх биш дээ
Одоо л би амьдаръя,
Одоо л би жаргая...