ЗАВХАН: Байгаль орчны шинжилгээний лаборатори цахим систем нэвтрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори цахим бүртгэл, мэдээллийн системийг нэвтрүүлж эхэллээ.
Цаг уур, орчны шинжилгээний газар нь 21 аймаг дахь Байгаль орчны шинжилгээний лабораториудад өөрсдийн хөгжүүлсэн D-LAB цахим бүртгэл, мэдээллийн системийг гуравдугаар сараас эхлэн нэвтрүүлсэн байна.
D-LAB системийг ашиглалтад оруулснаар лабораторид
тавигдах MNS ISO/IEC 17025 стандартын шаардлагыг хангах нөхцөл бүрдэж,
шинжилгээний бүртгэл, мэдээллийг цахимаар хөтлөх боломжтой болж
байна. Мөн үйлчилгээ авч буй хэрэглэгчид өөрсдийн өгсөн хүсэлтийн явцыг
цахимаар хянах боломж бүрджээ.
Түүнчлэн цахим системд төлбөр төлөх олон боломжит хувилбарыг нэвтрүүлснээр иргэд, аж ахуйн нэгжүүд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай авах нөхцөл бүрдэж байна. Ингэснээр агаар, ус, хөрсний чанарын шинжилгээ хийлгэх, багаж төхөөрөмж шалгуулах, баталгаажуулах зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо. Иргэд, байгууллагууд D-LAB системээр дамжуулан үйлчилгээг https://dlab.weather.gov.mn/ цахим хаягаар авч болох юм гэж Завхан аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.