ДОРНОГОВЬ: “Байгаль ээжийн цонх” буюу Сэнжит хад

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-09 11:19:13

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн байгалийн сонин содон тогтоц бүхий газруудыг цувралаар хүргэж байна. Энэ удаа Алтанширээ сумын есөн гайхамшгийн нэг болох Сэнжит хадыг онцоллоо. Тус сумын Тойг багийн нутагт оршдог Сэнжит хад нь аймгийн төвөөс 122 км, сумын төвөөс 35 км-т байрладаг.


Энэхүү хад нь Сумын ширийн чулуу хэмээх хойноосоо урагш хамарласан 15 км урт, хоёр км өргөн газрыг эзэлсэн өвөрмөц тогтоцтой хадан дунд оршдог бөгөөд холоос бараа сүртэй арслан мэт харагдана. Үүнээс гадна том, жижиг олон сэнжтэй арав гаруй хад ч бий. Олон зуун жилийн тэртээгээс нар, салхинд элэгдэж, эмтэрсэн хадыг ажиглахуйд арав гаруй метрийн өндөрт нэгэн том хадыг тулан гэрийн багана мэт байрлалтай тогтоон байгааг харахад гайхмаар сонин мэдрэмж төрнө.


Сэнжит хадны өнгөт зургийг Улсын драмын театрын олны танхимд байрлуулсан бөгөөд 1970-аад онд ЗХУ-ын “Зөвлөлт холбоот улс” сэтгүүл болон төв, орон нутгийн хэвлэлд нийтлэгдэж байжээ. Энэ орчмын уулс, хад нь өвөлд дулаан, зунд сэрүүн, 7–8 худаг, 18 өтөг бууц, 4-5 ханан хадан хороо бүхий өвөрмөц тогтоцтой. Нутгийн зохиолч М.Чулуун Сэнжит хадыг “Байгаль ээжийн цонх” гэж зүйрлэсэн байдаг.


Ташрамд, Дорноговь аймгийн нутагт олны анхаарлыг татсан сэнж хэлбэртэй хоёр том хад бий. Нэг нь тус аймгийн Даланжаргалан сумын нутагт Их нартын хаданд байдаг бол нөгөөх нь Алтанширээ сумын нутагт буй энэхүү Сэнжит хад юм. 

Related news