ДОРНОГОВЬ: Уламжлалт анагаах ухааны суурийг тавьсан Жингэр тэмээтийн агуй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Жингэр тэмээтийн агуй хэмээх нэгэн өвөрмөц хадан тогтоц бүхий газар бий. Монголын уламжлалт анагаах ухааны үндэс суурь энэхүү газар нутгаас эхэлсэн байдаг нь нэн сонин.
Түүх сөхвөөс Хубилай
Цэцэн хаан Юань Улсыг байгуулж нийслэлээ Дайду хэмээн нэрлээд 1261 онд Монгол Анагаахын
сургуулийг байгуулжээ. Гэтэл хэдэн зуун жилийн дараа хятад эмчийн сургууль болон хувирсан байна. Монгол оточ маарамбын ухааныг авч үлдэхийн тулд нэгэн
монгол маарамба өөрийн шавь Жамъян-Яндагтаа "Чи ирэх оны
хулгана жилийн намрын эхэн сарын Маналын буулттай өдөр Богд Чингис эзний төрж
мэндэлсэн, тулж босч, түшин хүчирхэгжсэн Бурхан халдунд хүрч найман Маналаа тахиж өөрийгөө шавиар өргө, Цэцэн
хааны сургуулийг үргэлжлүүл" хэмээн айлтгажээ.
Жамъян-Яндаг сэтгэл шулуудан Ар Монголоо зорьжээ. Гэвч элдэв бэрхшээл саад тохиолдон замд нь үер усны аюул нөмөрч олон хоног саатан дээрэмчин тонуулчдын гарт өртөж, арайхийн оргон зугтааж явсаар зуны гурван сар дуусч, намрын эхэн сарын найман Маналын буултын өдөр тохиожээ.
Хэдийгээр Бурхан Халдунд хүрч амжаагүй ч Маналын буулттай өдөр хүрч ирсэн тул тааралдсан овоон дээрээ гараад Манал бурханы тахилгаа эхэлжээ. Үүрийн гэгээ татахад хорголон чинээ мөндөр бууж хоргодох газар иртэл нэгэн агуй тааралдсан нь одоогийн Дэлгэрэх суманд байдаг Жингэр тэмээтийн агуй юм.
Тэр цагаас хойш Хубилай цэцэн хааны зарлигийг таслалгүй найман үеийн маарамбууд төрөн гарчээ. Эхнийх нь Жамъян-Яндаг дараагийнх нь Сономринчин, гурав дахь нь Шарьдэмид, дөрөв дэх нь Дэндэвчойдог, тав дахь нь Гэндэнжамц, зургаа дахь нь Чойням, долоо дахь нь Дамчаа, найм дахь нь Дорж Одь аж. Энэ газар 2007 онд Хүний их эмч Пунцагийн Баатар санаачилж найман суварга босгосон байна.
Монголын уламжлалт анагаах ухааны эхлэл тавигдсан энэ нутгаас Монгол Улсын
гавьяат эмч П.Баатар, Ж.Цэрэндэжид,
Ш.Доржпагма, Х.Эрдэнэбулган зэрэг орчин цагийн эрүүл мэндийн салбарын
олон арван эмч нар төрөн гарсан нь санамсаргүй зүйл биш гэж үздэг ажээ.