Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар Дорноговь аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-05 16:27:36

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 5/МОНЦАМЭ/. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн эмч нарын баг гуравдугаар сарын 12-15-нд Дорноговь аймагт ажиллана.


Эмч нар хүүхдийн болон нярайн ерөнхий мэс заслын бүх төрлийн үзлэг, оношилгоо, хүүхдийн мэдрэлийн үзлэг, хүүхдийн мэдрэлийн мэс заслын үзлэг, мэс засал, эх барих, эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, жирэмсний үеийн хавсарсан эмгэгийн үзлэг, оношилгоо, эмэгтэйчүүдийн эмгэгийн үед хийх мэс заслын үзлэг, мэс заслын дараагийн шатанд хамруулж, зөвлөгөө өгөх юм.


Мөн эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар гуравдугаар сарын 9-10-нд урьдчилан үзлэгт хамруулж, мэс засалд бэлтгэх юм.


Тиймээс эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяа сум, өрхийн эмч нартаа хандаж, мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө үзлэгийн цаг авч, урьдчилан үзлэгт хамрагдахыг зөвлөсөн байна.


Ташрамд, аймгийн Эрүүл мэндийн газраас  2026 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэхүү эмч нарын багийн үзлэг оношилгоог аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулна.


Related news