ДОРНОГОВЬ: Хөдөлмөрийн баатар Сэргэлэнгийн Чимэддорж
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хөдөлмөрийн сайчуулыг цувралаар хүргэж байна. БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, тэмээчин Сэргэлэнгийн Чимэддорж 1947 онд Өмнөговь аймгийн Манлай суманд төржээ.
Тэрээр 1970 онд Ардын армид цэргийн алба хаасны дараа Дорноговь аймгийн Хатанбулаг сумын “Шинэ өрнөлт” нэгдэлд ээж, эгчийн хамт 240 тэмээ хүлээн авч 1990 он хүртэлх хугацаанд 1129 болгон өсгөж, нэгдэлдээ 1,1 сая гаруй төгрөгийн орлого оруулж байжээ.
1980-1984 оны таван жилд 414-505 тэмээг хорогдол гаргалгүй маллаж ээлжийн 100 ингэ бүрээс ботго бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа 103,8-105,2 хувь биелүүлж байлаа.
Түүний амжилтуудаас дурдвал, 1974 оны тавдугаар сарын 20-нд Дорноговь аймгийн өндөр бүтээлийн амжилтаар тэргүүлэн өргөмжлөл, 1975 онд Засгийн газрын жуух, 1979 онд Хатанбулаг сумын аварга малчин, 1982 онд аймгийн аварга малчин, 1984 онд аймгийн хошой аварга малчин, 1985 онд улсын аварга малчин болж байв.
Харин 1989 оны 11 дүгээр сард БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Алтан соёмбо тэмдэг, Алтан гадас ондонгоор шагнуулж байжээ.
Мөн 1978 онд Ардын Их хурлын төлөөлөгчөөр, 1981 онд МАН-ын 18 дугаар Их хурлын төлөөлөгчөөр, 1987 онд Дорноговь аймгийн АДХ-ын 15 дугаар сонгуулийн анхдугаар чуулганаар Ардын депутатын хурлын төлөөлөгчөөр, 1990 онд Ардын Их хурлын төлөөлөгчөөр тус тус сонгогдож байв.
Түүний тэмээ маллах арга ухаан нь тэмээн сүргээ жилийн дөрвөн улирлын турш өвс ургамлын сайныг дагуулан бэлчээрт байнга хариулж байсанд оршдог ажээ.
