БАЯНХОНГОР: Хамгийн өндөр настан 107 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-03-02 13:32:43

Баянхонгор, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 100 болон түүнээс дээш настай 166 иргэн байдгийн 5 нь Баянхонгор аймагт аж төрж байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 108 настай бол Баянхонгор аймгийн хамгийн өндөр настан 107 настай.


Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн мэдээллээр, тус аймгийн аймгийн хэмжээнд 90-ээс дээш настай 98 иргэн байгаагаас Баянхонгор суманд 37, Эрдэнэцогт суманд 7, Заг суманд 7, Баянцагаан суманд 6 нь амьдардаг. Хүйсийн хувьд 20 эрэгтэй, 78 нь эмэгтэй байна.


Аймгийн хамгийн өндөр настай иргэн 107-той бол 103 настай нэг, 102 настай нэг, 100 настай 2 өндөр настан байна.


Баянхонгор аймгийн хүн амын дундаж наслалт 72.32 байгаа нь Монгол Улсад 17-т эрэмбэлэгдэж байна.


Тус аймгийн суурин хүн амын тоо 88.524 болсон нь Монгол Улсад 11-т эрэмбэлэгдэж байгаа дүн бөгөөд сумын суурин хүн амын тоо Баянхонгор суманд 33.147 буюу хамгийн их байгаа бол Хүрээмарал сумынх 1692 буюу хамгийн бага байна.


Баянхонгор аймгийн төрөлтийн ерөнхий коэффициент 18.6 байгаа нь Монгол Улсад 6-т эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Баян-Өндөр сумынх хамгийн өндөр байгаа ажээ.

Related news