ДОРНОГОВЬ: Шагайн харвааны тэмцээнийг Б.Наранбаатар ахлагчтай “Номт даншиг" ХХК-ийн баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-02 11:15:03

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Шагайн холбооноос “Сүрээр дарагч” гал морин жилийн шинийн 8-ны шагайн харвааны тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд аймгийн Засаг даргын ивээл дор Сайншанд суманд зохион байгууллаа.


Одоогоос 30 жилийн өмнө анх зохион байгуулсан тус тэмцээн хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргажээ. Тэмцээний тэргүүн байрт Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Наранбаатар ахлагчтай “Номт даншиг” ХХК-ийн баг, дэд байрт Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат, Монгол Улсын хошой мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай “Дэлгэрэх бүрд” ХХК-ийн баг, гутгаар байрт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат залуу харваач Б.Анхбаяр ахлагчтай “Петровис” компанийн баг, тусгай байрт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат, аймгийн гоц мэргэн Ө.Лутбаяр ахлагчтай баг тус тус шалгарчээ.


Ташрамд, “Номт даншиг” баг өмнө нь үндэсний их баяр наадмын шагайн харваанд түрүүлж байсан төдийгүй 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит үндэсний шагайн харвааны “Шилжин явах цом”-ын төлөөх хоёр дахь удаагийн тэмцээнд түрүүлснээр тус баг Монголын шагайн харвааны холбооноос зохион байгуулдаг өндөр чансаатай бүх томоохон тэмцээнд тэргүүлсэн амжилт үзүүлжээ.


Ахмадын нумт харвааны төрөлд тэргүүн байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат А.Мятавсүрэн ахлагчтай “Түвшин сайхан” баг, дэд байрт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын харьяат Н.Дэмбэрэл ахлагчтай “Буурал хайрхан” баг, гутгаар байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Ц.Батчулуу ахлагчтай “Номт мэргэн” баг тус тус шалгарчээ.


Шинийн 8-ны харваанд оролцсон газар газрын мэргэн харваачдад “Саран хөхөө” театрын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн байна.


Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан шинийн 8-ны шагайн харвааны тэмцээнд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дархан-Уул зэрэг зургаан аймгийн 58 багийн 460 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Шагай харваачдын дараагийн хамгийн том тэмцээн нь Дундговь аймгийн төвд зохион байгуулах говийн бүсийн шагайн харвааны тэмцээн юм.




Related news