ДОРНОГОВЬ: “Сүйн гэгээ” наадамд “Говийн уянга” хамтлаг бахдам амжилт үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар сарын 28-наас 3 дугаар сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болсон “Сүйн гэгээ” их наадамд “Говийн уянга” хамтлаг гоцлол хамтлаг, цөөхүүл төрөлд амжилттай оролцжээ.
“Danse club” клубээс гурав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээн анхан ба ахисан төрлөөр болсон байна. Дорноговь аймгийн “Говийн уянга” хамтлагийн бүжигчид ахисан түвшний бага насанд “Говийн уянга 11” хамтлаг дэд байр, ахлах насанд “Говийн уянга 9” хамтлаг тэргүүн байр, цөөхүүл төрлийн бага насанд “Говийн уянга 11” хамтлаг гутгаар байр, цөөхүүл төрлийн дунд насанд “Говийн уянга 10” хамтлаг гутгаар байр, олон үндэстэн төрлийн бага насанд “Говийн уянга 11” хамтлаг гутгаар байр, дунд насанд “Говийн уянга 10” хамтлаг тэргүүн байрт шалгарчээ.
Мөн ардын бүжгийн ахисан шатны бага насанд Г.Үүрийнтуяа тэргүүн байр, Х.Маралжин дэд байр, ардын бүжгийн төрлийн ахлах насанд У.Нандин-Эрдэнэ тэргүүн байр, дууны төрөлд Н.Жаргалбаяр дэд байр шалгарч бахархам амжилт үзүүлжээ.
Тэмцээний дараа хүүхдүүд Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл хэмээх үзэсгэлэнт газраар аялсан байна.
Ташрамд, “Говийн уянга” хамтлаг 30 жилийн түүхтэй бөгөөд энэ хугацаанд улс, аймгийн чанартай олон тэмцээнд амжилт гаргаж байснаас гадна бүжигчин хүүхдүүдийг тухайн он цагийн тооллоор нь хамтлаг болгон зохион байгуулалтад оруулсан байдаг ажээ.
