ДОРНОГОВЬ: Шинийн 8-ны шагайн харвааны тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-03-01 11:04:49

Сайншанд, 2026 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Шагайн холбооноос “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шинийн наймны шагайн харвааны тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор Сайншанд суманд зохион байгуулж байна.


Тэмцээнийг одоогоос 30 жилийн өмнө анх зохион байгуулж байсан бөгөөд шагай харваачдын хүсэн хүлээдэг тэмцээн болжээ.


Энэ жилийн тэмцээнд хот, хөдөөгийн 58 багийн 468 харваач оролцож цэц мэргэнээ сорьж байна. Дорноговь аймгаас шагайн харвааны 100 гаруй улсын цолтон төрсөн бөгөөд энэ спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо жил бүр нэмэгдэж байгаа юм. Дорноговь аймгийн Айраг, Өргөн сумын харваачид Дорноговийн салбарын ихэнх хувийг эзэлдэг.


Сүүлийн үед Дорноговь аймгийн шагайн харваачид улсын наадмын шагайн харваанд тогтмол эхний байруудад шалгарч байгаа төдийгүй Монголын шагайн харвааны холбооноос зохион байгуулдаг хуваарьт багтсан өндөр чансаатай бүх томоохон тэмцээнд тэргүүлсэн амжилтыг үзүүлээд байна.


Тухайлбал, улсын баяр наадмын шагайн харвааны багийн төрөлд Дорноговь аймгийн уугуул, Монгол Улсын гарамгай мэргэн З.Баясгалан ахлагчтай “Хул шанд” ХХК-ийн баг 2003, 2006 онд, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай “Болд төмөр ерөө гол” ХХК-ийн баг 2017, 2018 онд, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай “Номт даншиг” ХХК-ийн баг 2022 онд тус тус тэргүүн байрт шалгарч байжээ.

Related news