ДОРНОГОВЬ: “Дорноговь робот-2026” тэмцээн зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-26 16:01:09

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран “Дорноговь робот-2026” тэмцээнийг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар  төлөвлөжээ.


Суралцагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяасыг нээж хөгжүүлэх, онолын мэдлэгийг практик дээр турших боломжийг олгох, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, технологийн дэвшил, физикийн хууль, шинжлэх ухааны ойлголт, бүтээлч сэтгэлгээг хослуулан ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг багаас нь бэлтгэх зорилготой тус тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн сургуулийн өмнөх боловсролын ахлах, бэлтгэл бүлгийн суралцагчид, ерөнхий боловсролын сургуулийн 6-11 дүгээр ангийн суралцагчид оролцоно. Тэмцээний төрөл тус бүрд эхний гурван байр болон тусгай байрыг шалгаруулж, урамшуулах юм.


Ташрамд, анх 2017 оноос “Мини робот” тэмцээнийг аймгийн хэмжээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2023 оноос ерөнхий боловсролын сурагчдын дунд Монгол Улсад анх удаагаа  энэхүү тэмцээнийг улсын хэмжээнд нээлттэй хэлбэрээр зохион байгуулж байжээ.

Related news