ДОРНОГОВЬ: Адуучид ур чадвар, авхаалж самбаагаа сорино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-25 09:39:43

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дэлгэрэх сумын “Адуучдын холбоо”-ноос санаачлан хоёрдугаар сарын 27-нд Сайншанд сумын нутаг дахь морь барианы талбайд Дорноговь аймгийн сумдын адуучдын дунд “Адуучин” тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ.


Адуучин залуусын ур чадварыг сорих, нутгийн угшлын тайж, банди адууг олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү тэмцээнд сум бүрээс таван хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно.


Тэмцээний үеэр адуучид морьтой болон явган шургуулах, ташуур, уурга шүүрэх зэрэг төрлөөр өрсөлдөж, нийлбэр оноогоор шилдгүүдийг тодруулна. Шалгарсан баг, оролцогчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах юм.


Ташрамд, Дэлгэрэх сум нь Монголын хурдан адууны 13 угшилд багтдаг банди, тайж адуугаараа алдартай нутаг юм. Тус сумаас улс, аймгийн наадмын хурдан морины уралдаанд олон түрүү, магнай тодорч байсан түүхтэй.

Тухайлбал, 2009 оны улсын наадмын их насны морьдын уралдаанд Дэлгэрэх сумын адуучин Н.Готовын дэлгэр хээр морь түрүүлж, түмэн олныг баясгаж байв.



Related news