ДОРНОГОВЬ: Шинийн нэгний өглөөний нарыг тольдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-18 15:23:54

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголчууд шинийн нэгний өглөө эртлэн босож уул хайрхандаа зорчиж, тэр жилийн өнгийг тольдон, ажил үйлсээ даатгадаг уламжлалтай.


Шинийн нэгний өглөө Дорноговийнхон эртлэн босож Ханбаянзүрх хайрхандаа зорчиж, өглөөний нарыг тольдов. Гал морин жилийн шинийн нэгний өглөөний нар 07.37 минутад мандахад үүл багатай, алтан нарны туяа тунгалаг манан багатай, салхи тогтуун байжээ.


Тиймээс говь нутагт хавартаа салхи, шуурга багатай, зундаа хур бороо ховордуу хэдий ч хүн, малд ээлтэй сайхан жил гарах байх хэмээн нутгийн иргэдийн төлөөлөл ярьсан байна.


Ташрамд, Дорноговь аймагт 2023-2024 оны өвөл цас их орж, нутгийн хойд хэсгээр зуд болж, олон мал хорогдоод байсан юм. Харин ойрын хоёр жил өнтэй сайхан өвөлжиж мал сүрэг ч өсөж байгаа юм.  



Related news