ДОРНОГОВЬ: Морин хуурч, яруу найрагч Х.Болдбаатар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2026-02-17 14:54:13

Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат морин хуурч, яруу найрагч Халтарын Болдбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа.


Морин хуурч Х.Болдбаатар Дэлгэрэх сумын ерөнхий боловсролын найман жилийн дунд сургууль, Сайншанд сумын  ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль төгсөж, Монгол Улсын Соёлын дээд сургууль, “Газарчин” дээд сургуулийг соёлын менежер, дуу хөгжмийн багш мэргэжлээр бакалавр зэрэгтэй тус тус төгсжээ.


1979 оноос үеийнхээ гурван хүүгийн хамт морин хуур сонирхон оролдож эхэлсэн бөгөөд 1981 онд Дорноговь аймгийн Хөгжимт драмын театрт дагалдан хөгжимчнөөр ажлын гараагаа эхэлсэн байна. 1986-1995 онд Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрт хөгжимчин, 1996-2004 онд Хилийн цэргийн “Хилчин” хамтлаг болон Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад хөгжимчин, Үндэсний хөгжмийн ангийн даргаар ажиллажээ.


Мөн Хилийн 0164 дүгээр ангийн Хөгжмийн дарга, удирдаач, 2014-2016 онд Дэлгэрэх сумын Соёлын төвийн эрхлэгч, 2017-2018 онд Сайхандулаан сумын Соёлын төвийн эрхлэгч, 2020 оноос Дэлгэрэх сумын ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш, 2025 оноос Хэнтий аймгийн Норовлин сумын Соёлын төвийн хөгжмийн багшаар ажиллаж байна.


Тэрээр өөрийн уран бүтээлийн “Хуур мялаасан аялгуу-1,2,3”,”Мартагдашгүй”, ”Хуурын эгшигтэй 40 жил” бие даасан тоглолтоо таван удаа үзэгч түмэндээ толилуулжээ. Мөн 130-аад дууны шүлэг болон аялгуу, 10 гаруй өгүүллэг мөн олон хөрөг дурсамж, мэдээ, тэмдэглэл бичиж төв, орон нутгийн сонин хэвлэлд нийтлүүлжээ.


Нэрт морин хуурч Чойн Банзрагчийн тухай “Алтан говийн унага” дурсамжийн номыг эмхэтгэн хэвлүүлж, 2018 онд Чойн Банзрагчийн нэрэмжит морин хуурчдын анхдугаар уралдааныг Сайншанд суманд амжилттай зохион байгуулсан байна. Үлээвэр хөгжмийн болон морин хуурын 200 гаруй шавь бэлтгэж Дэлгэрэх сумын 90 жилийн ойгоор 90 морин хуурч тоглуулсан билээ.


Мөн аймгийн хүүхдийн урлагийн “Яргуй-2014” наадамд Дэлгэрэх сумын суралцагчдыг амжилттай бэлтгэн оролцуулж “Шилдэг багш” шагналыг хүртсэн аж. Баянзүрх дүүргийн шилдэг морин хуурч шалгаруулах уралдаанд тэргүүн байр, ГовьСүмбэр аймагт зохиогдсон ”Боржигон морин хуурч”-дын уралдаанд тэргүүн болон дэд байрт шалгарч байжээ.


Related news