ЗАВХАН: Мэдээллийн санд бүртгэлтэй хамгийн олон хүнтэй овог нь боржгин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-02-06 16:06:01

Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улиастай хотын хүн амын дунд хамгийн олон бүртгэгдсэн овгийн нэг нь боржгин овог бөгөөд тэдний тоо 700 мянга гаруйд хүрчээ.


Эртний түүхтэй Улиастай хотын хүн амыг судалсан судалгаагаар халхын голлох 27 овгийн хүн ам оршин сууж байсныг тогтоожээ.


Өнгөрсөн оны 12 дугаар сард хэвлэгдсэн Завхан судлал 29 дүгээр ботид өгүүлснээр, Завхан аймгийн төв Улиастай хотын хүн амын ургийн овгийг судлахад халхын голлох овгууд багтаж байгааг судалгаагаар тогтоожээ. Хүмүүсийн ургийн овгийн талаархи судалгаанд бид 1990-ээд оноос хойших судалгааг голлон авч үзээгүй байна. Харин ХХ зууны эхэн үеийн Улиастайн хүн ам болон тэдний ургийн овгийг төвлөрүүлэн судлан оруулахыг зорьсон гэдгийг онцолжээ.


Номд өгүүлснээр, академич Б.Ринчин гуайн 1979 оны судалгаа 154, "БНМАУ-ын угсаатны зүй" тэргүүн боть 155, доктор Х.Нямбуу "Монголын угсаатны зүйн удиртгал" 156, профессор А.Очир "Монголчуудын гарал нэршил" 157 зэрэг судалгааны бүтээлүүдэд дараах овгууд голлож байсныг өгүүлсэн байна.


Үүнд, авга, баарин, баатууд, барга, бичээч, боржгин, борх, бэсүд, дархад, даян, доной, зээрд адуун, жалайр, иөншэбү, монгол, олхонуд, саарал, тайж, урад, чоно, харнууд, харчин, харчу, хатагин, хороо, хүрээ уваши зэрэг овог юм.

Эдгээрээс хамгийн олон нь боржгин овгийнхон байна.


Монгол улсын статистикийн мэдээллийн сан, Хүн ам өрхийн мэдээллийн санд боржгин хэмээх овогтой 701,048 хүн бүртгэгдсэн байна. Боржгин бол Монголын ноёлох овог, Х зууны үед бий болсон. "Монголын нууц товчоо"-нд өгүүлснээр, ...”Чингис хааны дээд өвөг Добу мэргэн гэж байгаад Добу мэргэний бэлбэсэн хатан Алунгоогоос төрсөн таван хүүгийн отгон нь Боданчир мунхаг буюу Бодончар боржгин овогтон болов" гэжээ.


Судлаачид Бодончарыг 970 онд төрсөн гэх агаад харин Бодончарын эцэг хэн болох талаар судлаачдын санал харилцан адилгүй байдаг. Ямартай ч Бөртө чоноос эхэлсэн Монгол ноёдын удам Добу мэргэний хүү Бодончар дээр ирж завсар гарсан учир боржгин хэмээх шинэ язгуурлаг овог эхэлжээ. Өөрөөр хэлбэл Монголын их хаадын өндөр дээд өвөг нь Бодончар юм. Түүнээс эхлэл нь тавигдсан боржгин овгийн ноёд Монголд их нөлөөтэй агаад энэ овгийн ноёд тайж нар Монголыг угсаа залган захирсаар ХХ зууны эхэн үед хүрч иржээ. Улиастай хот дахь боржгин овог нь Халхын дөрвөн аймаг, тэдгээрийн олон хошууг захирч явсан Батмөнх Даян хаан, түүний хөвгүүдийн хойчис тайж нарын удам юм. Монголын хаадын алтан ургийн хүмүүс нь боржгин овогтой, хиуд ястай. Боржгин хүн бол тайж гаралтай байдаг. Мөн тэднээс зарим овгууд салбарлан гарах үзэгдэл нэлээд байсан бололтой. Боржгин овог Монголын бүх аймаг, сумдад бий.


1950-аад оноос хойш Завхан аймгийн олон сумаас Улиастай хотод шилжин суух явдал нэмэгдэж, 1990-ээд оноос мөн нэмэгдсэн нь хүн амын тоо баримтаас илхэн. Тиймээс номд олон түүх, баримтуудыг иш болгож цуглуулсан байна.


Өдгөө Улиастай хотод зөвхөн эдгээр овгийн хүн ам сууж байна гэж үзэж болохгүй. Учир нь 1950, 1990-ээд оноос хойш Завхан аймгийн олон сумаас, тэрчлэн бусад аймаг, сумдаас ч харилцан адилгүй ургийн овог бүхий хүмүүс ирж суусан нь мэдээж. Хүн амын ургийн овог яг энэ байдлаар бүрэлдэн тогтдог. Улиастай хотын хүн амын уугуул гэж хэлж болох 27 ургийн овгуудаас өдгөө мэдээллийн санд хамгийн олон хүн бүртгэлтэй нь боржгин байна хэмээн Завхан судлал 29 дүгээр ботид өгүүлжээ.

 

Related news