ДОРНОГОВЬ: Сар шинийн баярын үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг тодруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ХХААГ-аас хамтран зохион байгуулдаг “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.
Арван дөрвөн сумын 210 үйлдвэрлэл, үйлчилгээ
эрхлэгч оролцож байгаа үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг шалгаруулжээ. Шилдэг
хүнс үйлдвэрлэгчээр Сайншанд сумын “Гэрэлт- Од Ханна Анна” ХХК-ийн “Говийн эрдэнэ” брэнд шоколад үйлдвэрлэгч, шилдэг
мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Айраг сумын “Буман ашигт хоршоо”, шилдэг
сүүн, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Мандах сумын иргэн П.Номинчулуун, шилдэг
гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Сайншанд сумын “Ганзам” цех
шалгарав.
Шилдэг сав, баглаа боодол нэвтрүүлэгчээр Сайншанд сумын “Далт мөнгөн шанд” ХХК, шилдэг оёдлын үйлдвэрлэл эрхлэгчээр Сайншанд сумын “Өөлийн урлан” ХХК, шилдэг хоршоогоор Иххэт сумын “Сүүн далай цох сүрэг хоршоо”, шилдэг жижиг дунд үйлдвэрлэгчээр Сайншанд сумын иргэн Бат-Эрдэнийн Батчимэг шалгарчээ.

Айраг сумын “Буман ашигт хоршоо” махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 32 нэр төрлийн ангилсан мах, дайвар бүтээгдэхүүн, малын ууцыг худалдаалж буй бол Мандах сумын иргэн П.Номинчулуун 18 нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн оролцож байгаа юм.
Энэ жилийн үзэсгэлэн худалдааны онцлог нь бараа бүтээгдэхүүний нэр төрөл олширч, бүтээгдэхүүний сав баглаа боодол сайжирсан байна хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Тухайлбал, говийн загсгал цайг үйлдвэрлэгч “Далт мөнгөн шанд” ХХК шинээр хийцтэй цай үйлдвэрлэсэн бөгөөд бүтээгдэхүүний сав баглаа боодлыг нэмэгдүүлж шилдэг сав, баглаа боодол нэвтрүүлэгч компаниар шалгарсан байна.
Сар шинийн баярын идээ ундаа, цагаан идээ, бэлэг, хувцас, эд хэрэглэлийг нэг дороос хүргэх зорилготой үзэсгэлэн худалдаанд орон нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, хоршоо оролцож мах, сүүн бүтээгдэхүүн, үндэсний хувцас, хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэдэг уламжлалтай.
