ЗАВХАН: Ирэх зун голуудын усны түвшнийг судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2026-02-05 13:20:30

Улиастай, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нийт нутаг дэвсгэрийн 0,98 хувь буюу 81045 га талбайг усны сан бүхий газар эзэлдэг гэж Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.

Үүнээс 63.4 хувь буюу 51045 га талбайг гол, 36.6 хувь буюу 29491 га талбайг нуур цөөрөм, тойром эзэлдэг.


Хамгийн сүүлийн судалгаагаар, Завхан аймгийн гол мөрний эзлэх талбайд өөрчлөлт ороогүй ба нуур, тойрмын эзлэх талбай нь сүүлийн таван жилийн дотор 509 га-гаар буюу 0,63 хувиар багассан байна.

Эдгээрээс онцолбол, Завхан голын усны түвшин 2024 онд 409.2 см байсан бол 2025 онд 3.6 см-ээр багасжээ. Голын усны түвшин 2022 оны зун хамгийн их түвшин нь 417 см, хамгийн бага түвшин нь 402 см байсан бол өнгөрсөн жилийн 2-р сард 409.2 см болж тэмдэглэгдсэн байна.

Завхан голын нийт урт 800 гаруй км юм. Тайшир сум хүртэл эхний хэсэгт голдирлын өргөн 30-60 м, усны гүн 0.6-25 м, урсгалын хурд 1-1.5 м/сек байна. Тайшираас доош хэсэг газар голдирол нь 3-8 хүртэл салаалах тул үндсэн голдирлыг ялгахад бэрх. Завхан голын баруун гараас түүний хамгийн том цутгал Шурагийн гол нийлнэ. Богд голын цутгалаас доош голдирол 100-350 м хүртэл өргөсөн задгайрч, усны гүн 0,7-1,5 м, урсгалын хурд 0.7-1,2 м/сек байна. Ирэх зун манай сав газрын захиргаанаас голуудын усны түвшнийг хэмжилт хийж судална гэв.

Ташрамд Завхан аймаг нь Монгол Улсын нийт гадаргын усны нөөцийн 0.12 хувь, хөрсний усны 0.16 хувийг бүрдүүлж байна.

Related news